Өвөр Монголтой хиллэдэг Ганцмод боомтоор Монголын талаас БНХАУ руу их хэмжээний хууль бус эд зүйл нэвтрүүлэхийг завдсан хэрэг илэрчээ. Хятадын гаалийн байгууллагын мэдээлснээр адууны шир, гэдэс дотор, агат чулуу зэрэг нийт ойролцоогоор 9.8 тонн эд зүйлийг хураан авсан байна.
БНХАУ-ын Гаалийн хяналтын албанаас уг зөрчлийг сүүлийн жилүүдэд бүртгэгдээгүй томоохон хэмжээний хэрэгт тооцож байгаагаа мэдэгджээ. Хураагдсан ачааны хэмжээ, төрөл нь хилээр хууль бусаар бараа, түүхий эд нэвтрүүлэх оролдлого зохион байгуулалттай байж болзошгүйг харуулж байна.
Ачааны машинаас хатаасан адууны гэдэс илрүүлжээ
Мөн Өвөр Монголын хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий газрын Эрээний хилийн хэсэг дэх Цагаачдыг зохицуулах албаны цагдаа нар энэ сарын 4-нд хил нэвтэрсэн нэгэн ачааны машиныг шалгах үеэр адууны их хэмжээний хатаасан өлөн гэдэс илрүүлж, хураан авсан байна.
Уг хэргийг цаашдын шалгалтад шилжүүлж, Гаалийн хууль бус наймаатай тэмцэх газар мөрдөн шалгаж байгаа талаар мэдээлжээ.
Хилээр малын гаралтай түүхий эд, дотор эрхтэн, чулуу зэрэг барааг зөвшөөрөлгүй, шаардлагатай бүрдүүлэлтгүй нэвтрүүлэх нь хорио цээр, гааль, худалдааны хууль тогтоомж зөрчих эрсдэлтэй тул хяналтын байгууллагууд шалгалтаа үргэлжлүүлж байна.