Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд хүүхдийн цэцэрлэгийн хашаанд согтууруулах ундаа хэрэглэж байсан залуус хоорондоо маргалдсаны улмаас хоёр хүний амь хохирсон ноцтой хэрэг гарсан байна.
Уг хэрэг есдүгээр сарын 7-ны шөнө Эрдэнэ сумын төвд болжээ. Урьдчилсан мэдээллээр 18-20 насны гурван залуу хүүхдийн цэцэрлэгийн хашаанд согтууруулах ундаа хэрэглэж байх үедээ хоорондоо маргалдсан аж.
Маргааны үеэр 20 настай М гэх залуу 18 настай Г болон 19 настай М нарын аминд хүрсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдож, хуулийн байгууллагаас түүнийг сэжигтнээр саатуулсан байна.
Хэрэгт холбогдсон болон амь хохирсон залуус бүгд Эрдэнэ сумын харьяат иргэд байсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Одоогоор болсон явдлын нарийн нөхцөл байдал, маргаан юунаас эхэлсэн, хэрэг хэрхэн өрнөснийг тогтоохоор Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэжигтэн саатуулагдсан хэдий ч түүний гэм бурууг шүүх эцэслэн тогтоогоогүй байгаа юм.