Хорт хавдрын 10 тохиолдлын 4-ийг зогсоож болох уу: архи, тамхи хамгийн том эрсдэл болжээ

ДЭМБ-ын хийсэн дүн шинжилгээгээр дэлхий даяар бүртгэгдэж буй хорт хавдрын нийт тохиолдлын гуравны нэгээс илүү хувийг урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзжээ. Эдгээрийн дунд уушги, ходоод, умайн хүзүүний хавдар хамгийн их хувийг эзэлж байна.

Амьдралын хэв маяг өөрчлөгдвөл сая сая тохиолдлоос сэргийлж чадна

Судалгааны дүнгээс харахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, орчны бохирдлыг багасгах замаар жил бүр олон сая хорт хавдраас сэргийлэх боломжтой аж.

Урьдчилан сэргийлэх боломжтой хавдрын бараг тал хувийг уушги, ходоод, умайн хүзүүний хавдар эзэлж байгаа нь эдгээр өвчний цаадах эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах шаардлагатайг харуулж байна.

ДЭМБ: Хавдрын эрсдэлийг цогцоор нь үнэлсэн судалгаа

Дүн шинжилгээг ахалсан ДЭМБ-ын тархвар судлаач эмч Изабел Суржоматарам судалгааны ач холбогдлыг онцолжээ.

“Энэ томоохон судалгаа нь урьдчилан сэргийлэх боломжтой хавдрын тохиолдлууд дээр хийсэн цогц үнэлгээ юм. Хавдар үүсгэдэг халдваруудыг хүний зуршил, хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлүүдтэй анх удаа хамтад нь үнэлсэн” гэж хэлжээ.

Тэр нэмж хэлэхдээ “Урьдчилан сэргийлэх боломжтой хүчин зүйлстэй тэмцэх нь дэлхий дахинд хавдрын дарамтыг бууруулах хамгийн том боломжуудын нэг” гэсэн юм.

2022 онд 19 сая хавдрын тохиолдол бүртгэгджээ

Энэхүү дүн шинжилгээнд 2022 онд дэлхий даяар бүртгэгдсэн 19 сая хорт хавдрын тохиолдлыг авч үзсэн байна. Үүний 38 хувь нь өөрчлөх боломжтой 30 төрлийн эрсдэлт хүчин зүйлтэй холбоотой байжээ.

Эдгээр эрсдэлд дараах хүчин зүйлс багтсан байна.

  • тамхи татах;
  • согтууруулах ундаа хэрэглэх;
  • биеийн жингийн индекс өндөр байх;
  • хөдөлгөөний дутагдал;
  • утаагүй тамхи хэрэглэх;
  • агаарын бохирдол;
  • хэт ягаан туяанд өртөх;
  • халдварууд;
  • хөдөлмөрийн орчны арав гаруй хортой нөхцөл.

Тамхи хавдар үүсгэх хамгийн том урьдчилан сэргийлэх эрсдэл болжээ

Судлаачдын дүгнэлтээр хорт хавдар үүсгэдэг, урьдчилан сэргийлэх боломжтой хамгийн гол хүчин зүйл нь тамхи татах байна.

Тамхины хэрэглээ 2022 онд бүртгэгдсэн нийт хорт хавдрын тохиолдлын 15 хувьтай холбоотой байжээ. Ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд энэ эрсдэл илүү өндөр гарсан байна. Тухайн онд дэлхийн хэмжээнд эрэгтэйчүүдэд оношлогдсон хавдрын тохиолдлын 23 хувь нь тамхины хэрэглээтэй холбоотой гэж тооцогджээ.

Архи, тамхи нийлээд урьдчилан сэргийлэх хавдрын бараг талыг эзэлжээ

Амьдралын хэв маягаар өөрчлөх боломжтой эрсдэлт хүчин зүйлсийн дунд тамхины дараа согтууруулах ундааны хэрэглээ оржээ.

Алкохолын хэрэглээ шинээр оношлогдож буй хорт хавдрын тохиолдлын 3.2 хувьтай холбоотой гэж гарсан бөгөөд энэ нь ойролцоогоор 700 мянган тохиолдол гэсэн үг юм.

Судлаачдын тооцоолсноор тамхи татах болон согтууруулах ундаа хэрэглэх нь урьдчилан сэргийлэх боломжтой нийт хавдрын тохиолдлын 48 хувьтай холбоотой байжээ.

Халдварууд ч хавдрын том шалтгаан болж байна

Тамхи, архинаас гадна халдварууд шинэ хорт хавдрын тохиолдлын арав орчим хувьтай холбоотой байсан байна.

Эмэгтэйчүүдийн хувьд урьдчилан сэргийлэх боломжтой хавдрын хамгийн том хувийг умайн хүзүүний хавдарт хүргэдэг хүний папиллома вирусийн халдвар эзэлжээ.

Харин ходоодны хавдар эрэгтэйчүүдийн дунд илүү өндөр бүртгэгдэж байгаа бөгөөд энэ нь тамхины хэрэглээ, цэвэр усны хүртээмж муу байх, хүн амын нягтаршил ихтэй орчинд халдвар тархах зэрэг хүчин зүйлтэй холбоотой байх магадлалтай гэж үзжээ.

“Хавдрыг эхлэхээс нь өмнө зогсооход тусална”

ДЭМБ-ын Хавдрын хяналтын багийн ахлагч, уг дүн шинжилгээний хамтран удирдагч Андре Илбави судалгааны үр дүн дэлхийн хэмжээнд бодлого боловсруулахад чухал ач холбогдолтойг хэлсэн байна.

“Урьдчилан сэргийлж, өөрчилж чадах хүчин зүйлсээс хавдар үүсэх эрсдэл хэр өндөр байдаг вэ гэдгийг харуулсан дэлхийн хэмжээний анхны дүн шинжилгээ юм” гэж хэлсэн юм.

Тэр нэмж хэлэхдээ “Улс орнууд болон хүн амын бүлгүүдийг судалснаар бид хавдрын олон тохиолдлыг эхлэхээс нь өмнө зогсооход туслах мэдээллийг засгийн газрууд болон хувь хүмүүст өгч чадна” хэмээсэн байна.

10 хавдрын бараг 4-өөс нь сэргийлэх боломжтой байжээ

Дүн шинжилгээг хийсэн эрдэмтэд судалгааныхаа төгсгөлд урьдчилан сэргийлэх боломжтой хүчин зүйлсийг бууруулах нь дэлхий дахинд хорт хавдрын дарамтыг мэдэгдэхүйц багасгах боломжтой гэж дүгнэжээ.

Тэд “Дүгнэхэд энэ судалгаанд авч үзсэн эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллийг арилгаж чадвал 2022 онд дэлхий даяар бүртгэгдсэн арван хавдар тутмын бараг 4-өөс нь урьдчилан сэргийлэх боломжтой байсан” гэж бичжээ.

Энэ нь тамхи, архи, халдвар, бохирдол, хөдөлгөөний дутагдал зэрэг өөрчлөх боломжтой эрсдэлүүдтэй бодитой тэмцвэл хорт хавдрын олон тохиолдлыг анхнаас нь зогсоох боломж байгааг харуулж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу