Хөвсгөлд архидан согтуурсан үедээ нэгнийгээ хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

Хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаа нар олжээ

Бусдын амь насыг хохироосон байж болзошгүй этгээд хэргийн газраас зугтсаныг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, олж тогтоосон талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Цагдаагийн байгууллагад өчигдөр “Хэвлийдээ хутгалуулсан хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөрөн суманд хэрэг гарсан байна

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд уг хэрэг гарсан нь тогтоогджээ.

Урьдчилсан мэдээллээр 59 настай эрэгтэй хамт архидан согтуурч байсан 57 настай эрэгтэйн хэвлий тус газарт хутгалж, амь насыг нь хохироосон байж болзошгүй байна. Үүний дараа тэрээр хэргийн газрыг орхин зугтсан гэх мэдээлэлтэй байна.

Цагдаагийн алба хаагчид сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж, илрүүлсэн бөгөөд хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өндөр хувь эзэлж байна

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, энэ оны эхний зургаан сарын байдлаар бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 18.7 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна.

Тодруулбал, энэ төрлийн 5091 гэмт хэрэг бүртгэгдсэн нь архидан согтуурах, маргаан зөрчил хурцдах, бусдын биед халдах зэрэг эрсдэл нийгэмд өндөр хэвээр байгааг харуулж байна.

Архи согтууруулах ундааг хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа

Иймд цагдаагийн байгууллага иргэдэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.

Мөн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, маргаан зөрчлийг хүчирхийллээр шийдвэрлэхгүй байхыг зөвлөсөн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу