Hailey Bieber төрсний дараа PMDD-тэй тэмцэж байснаа дэлгэж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгааг дэмжинэ

Justin Bieber-ийн эхнэр, загвар өмсөгч, бизнес эрхлэгч Hailey Bieber 2024 онд хүүхдээ төрүүлсний дараа сарын тэмдгийн өмнөх дисфорийн эмгэг буюу PMDD-тэй хүнд үеийг туулсан тухайгаа ярьжээ.

Daily Mail-ийн мэдээлснээр Hailey Bieber саяхан WWD-д өгсөн ярилцлагадаа төрсний дараах үеэс энэ эмгэгийн шинж тэмдэгтэй тэмцэж ирсэн тухайгаа ил болгосон байна.

Тэр:

“Хүүхдээ төрүүлсний дараа PMDD-ээс болж надад үнэхээр хүнд үе тохиосон. Гэхдээ энэ эмгэгийн талаар одоо ч хангалттай ярьдаггүй, судалгаа ч дутмаг байна”

хэмээн хэлжээ.

PMDD өдөр тутмын амьдралд хүчтэй нөлөөлж болдог

PMDD нь сарын тэмдгийн өмнөх хам шинж буюу PMS-ээс илүү хүнд хэлбэрээр илэрдэг эмгэг юм. Сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотойгоор сэтгэл санааны огцом өөрчлөлт, түгшүүр, сэтгэл гутрал болон бие махбодын шинж тэмдэг илэрч, өдөр тутмын амьдрал, ажил болон харилцаанд ноцтой нөлөөлж болдог.

Эмгэгийн яг тодорхой шалтгаан бүрэн тогтоогдоогүй ч өндгөвчөөс ялгарах дааврын өөрчлөлтөд тархины мэдрэлийн дамжуулагч систем хэт мэдрэг хариу үзүүлэхтэй холбоотой гэж үздэг.

Hailey Bieber өөрийн туршлагын талаар:

“Хувьдаа би энэ талаар ярилцах төдийд л өөрийгөө бага ганцаардсан мэт мэдэрдэг. Бид нэгнээ ойлгож, туулж буй өвдөлт, тэмцлийнхээ талаар хамтдаа ярьж чадвал энэ ганцаардмал зам арай бага ганцаардмал санагддаг”

гэжээ.

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгаанд $5 сая хандивлана

Hailey Bieber эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг илүү нээлттэй хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа мөн онцолсон байна.

Түүний эгч Alaia Baldwin олон уйланхайт өндгөвчний хам шинж буюу PCOS-тэй бөгөөд ойр дотнын хэд хэдэн хүн нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байсан нь энэ сэдэвт илүү анхаарах шалтгаан болсон гэжээ.

Үүнтэй холбоотойгоор Hailey-ийн үүсгэн байгуулсан Rhode брэнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгааны хоцрогдлыг багасгах зорилготой Foundation For Women’s Health байгууллагад гурван жилийн хугацаанд нийт 5 сая ам.доллар хандивлахаар болсон байна.

Уг санхүүжилтийг эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлийн судалгааг дэмжихэд зарцуулах аж.

Rhode брэндээ $1 тэрбумаар худалдсан

Hailey Bieber 2022 онд Rhode арьс арчилгааны брэндээ байгуулсан бөгөөд тус брэндийн лип бүтээгдэхүүн болон гар утасны гэртэй хослуулсан загварууд хэрэглэгчдийн дунд ихээхэн алдартай болсон юм.

Хожим тэр Rhode-ийг АНУ-ын гоо сайхны компанид ойролцоогоор 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй хэлцлээр худалдсан байна.

Hailey Bieber энэ удаагийн ярилцлагаараа зөвхөн өөрийн төрсний дараах эрүүл мэндийн туршлагаа дэлгээд зогсохгүй, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд илүү их судалгаа, олон нийтийн анхаарал шаардлагатай гэдгийг онцолжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу