Ким Сү Хён нэр төрөө сэргээж эхэллээ: хуурамч баримт тараасан Ким Сэ И баривчлагдав

Ким Сү Хёны эсрэг тарсан мэдээлэл томоохон дуулиан болсон

Өмнөд Солонгосын хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэг Ким Сү Хён өнгөрсөн жил талийгаач жүжигчин Ким Сэ Рунтай насанд хүрээгүй байхад нь үерхэж байсан гэх ноцтой мэдээлэлд нэр холбогдсон билээ. Тухайн үед энэ асуудалтай холбоотой гэх “нотлох баримтууд” олон нийтэд дэлгэгдэж, жүжигчин залуугийн нэр хүндэд хүчтэй цохилт болсон юм.

Гэвч Ким Сү Хён тухайн үед уг баримтуудыг худал гэж мэдэгдэж, өөрийн буруугүйг нотлох болно гэдгээ илэрхийлж байсан.

Карьер, нэр хүндэд нь хүнд цохилт болсон хэрэг

Энэхүү дуулианаас болж Ким Сү Хёны карьер огцом уналтад орж, олон нийтийн хүчтэй шүүмжлэл, дарамтад өртсөн. Мөн санхүүгийн томоохон хохирол амсаж, жүжигчний ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүрсэн гэж мэдээлэгдэж байв.

Харин энэ удаад түүний эсрэг дэлгэгдсэн гэх нотлох баримтууд хуурамч болох нь тогтоогдож, жүжигчин өөрийн нэр төрийг цэвэрлэх эхний том алхмыг хийж чадсан байна.

Ким Сэ И-г саатуулжээ

Дээрх хуурамч мэдээллийг YouTube сувгаараа түгээсэн Ким Сэ И энэ долоо хоногт баривчлагджээ. Түүнийг бусдын нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон, сүрдүүлсэн, заналхийлсэн, хууль бус контент бэлтгэсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.

Мөн мөрдөн шалгах байгууллага түүнийг нотлох баримт устгах болон оргон зайлах эрсдэлтэй гэж үзэн мягмар гарагт саатуулсан байна.

AI ашигласан дуут мессежийг баримт болгон тараасан гэв

Ким Сэ И өмнө нь талийгаач жүжигчин Ким Сэ Руны үхэл Ким Сү Хёнтой холбоотой, мөн тэд Ким Сэ Руныг насанд хүрээгүй байхад нь үерхэж байсан гэх мэдээллийг олон нийтэд түгээж байжээ.

Тэрээр эдгээр мэдэгдлээ батлахын тулд хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн гэх дуут мессежийг олон нийтэд дэлгэсэн байна. Гэвч уг “баримт” хуурамч болох нь тогтоогдсон гэж мэдээлэгдэж байна.

Ким Сэ И буруутгалыг хүлээн зөвшөөрөөгүй байна

Ким Сэ И шүүх хурлын үеэр өөрийн танилцуулсан баримтуудыг үнэн гэж мэдэгдсэн бөгөөд энэ асуудлаар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Гэсэн ч мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд түүний тараасан мэдээлэл, ашигласан баримтууд хуурамч болох нь илэрсэн тул хэрэг одоо хуулийн байгууллагын хяналтад үргэлжилж байна.

Ким Сү Хёны эргэн ирэлтэд зам нээгдэх үү

Ким Сү Хён өнгөрсөн хугацаанд олон нийтийн шүүмжлэл, карьерын уналт, санхүүгийн дарамттай нүүр тулсан. Харин энэ удаагийн мөрдөн шалгалтын үр дүн түүний нэр хүндийг сэргээх чухал эргэлт болж магадгүй байна.

Хуурамч мэдээлэл тараасан гэх Ким Сэ И баривчлагдсанаар Ким Сү Хёны эсрэг өрнөсөн дуулиан шинэ шатанд орж, жүжигчний тайз, дэлгэцдээ эргэн ирэх боломж дахин яригдаж эхэллээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу