Криштиану Роналду Португалийн шигшээтэй 23 жилийн аяллаа өндөрлүүлж, 7 дугаараа буцааж өглөө

Португалийн шигшээ багийн домогт довтлогч Криштиану Роналду үндэсний шигшээ багаасаа албан ёсоор зодог тайлж байгаагаа зарлажээ.

Өдгөө 41 настай Роналду 2003 оноос Португалийн шигшээ багт тоглож эхэлсэн бөгөөд 23 жилийн хугацаанд 234 тоглолтод оролцож, 146 гоол оруулсан байна. Энэхүү үзүүлэлтээрээ тэр олон улсын хөлбөмбөгийн түүхэн дэх онцгой амжилтын эзэн болж, Гиннессийн номд бүртгэгдсэн юм.

“7 дугаартай өмсгөлийг буцааж өгөх цаг ирлээ”

Роналду өнгөрсөн есдүгээр сард шигшээ багийнхаа цугларалтаас буцаж ирсний дараа Үндэстнүүдийн лигийн Данийн эсрэг тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдэж байсан.

Харин энэ удаа тэр өөрийн цахим хуудсаар дамжуулан цаашид Португалийн шигшээ багийн төлөө тоглохгүй гэдгээ албан ёсоор зарласан байна.

“Португалийн ард түмэн минь, шигшээ багийнхаа 7 дугаартай өмсгөлийг буцааж өгөх цаг ирлээ” гэж К.Роналду цахим бичлэгтээ ярьжээ.

Тэрбээр цааш нь үргэлжлүүлэн “Би энэ өмсгөлийг зөвхөн минийх гэж хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ 23 жилийн турш 7 дугаартай талбайд гарч, дэлхийн өнцөг булан бүрийн цэнгэлдэхэд тоглох завшаан, хариуцлага надад оногдсон. Өнөөдөр үүнийг хойч үедээ өвлүүлэх цаг нь ирлээ. Ийм шийдвэр гаргах нь амархан байсангүй. Учир нь зарим шийдвэрийг зөвхөн оюун ухаанаараа бус зүрх сэтгэлээрээ гаргадаг юм. 2003 оны наймдугаар сард эхэлсэн миний аялал энэ хүрээд өндөрлөж байна” гэв.

Португалийн шигшээ шинэ үе рүү шилжинэ

Роналдугийн шигшээ багийн карьер 2003 оны наймдугаар сард эхэлж, түүнээс хойш Португалийн хөлбөмбөгийн хамгийн танигдсан нүүр царай, олон жилийн ахлагчдын нэг болж ирсэн юм.

Түүний зодог тайлах шийдвэртэй зэрэгцэн Португалийн шигшээ баг энэ сард Үндэстнүүдийн лигийн ээлжит тоглолтуудаа хийхээр товложээ. Тэд Данийг өөрийн талбайд хүлээн авч, дараа нь Уэльсийн талбайд зочлон тоглох хуваарьтай байна.

Ийнхүү Криштиану Роналду Португалийн шигшээ багийн 7 дугаартай өмсгөлийг 23 жилийн дараа дараагийн үедээ шилжүүлж, үндэсний шигшээ дэх түүхэн замналаа өндөрлүүллээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу