Nvidia-ийн тэргүүн Jensen Huang эхнэртээ үнэнч бус байснаа хүлээн зөвшөөрсөн тухай Daily Mail мэдээлжээ. Уг мэдээлэлд түүнийг Хятадын бизнес эрхлэгч Alice Huang-тай дотно харилцаатай байсан бөгөөд эмэгтэйг Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа гэж дурдсан байна. Ижил овогтой боловч тэд төрөл садан биш аж.
Тайвань гаралтай, Америкийн 63 настай тэрбумтан Huang-ийг Forbes дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн наймдугаарт жагсааж, хөрөнгийг нь 154 тэрбум ам.доллароор үнэлсэн гэж эх мэдээлэлд өгүүлжээ.
Ажилтнууддаа илгээсэн зурвастаа гэр бүлээсээ уучлал хүссэн гэв
Мэдээлэлд дурдсанаар, Huang компанийн ажилтнуудад илгээсэн дотоод зурвастаа 65 настай эхнэр Lori болон хүүхдүүдээсээ уучлал хүссэн байна.
«Би эхнэртээ үнэнч бус байсан. Миний үйлдэл түүнд болон хүүхдүүдэд маань зовлон учруулсан. Хийсэн зүйлд минь зөвтгөх шалтгаан байхгүй. Эхнэр, гэр бүлийнхэндээ хандаж хэлэхэд: би та нартаа хайртай. Уучлал гуйлаа гээд хийсэн зүйлээ засаж чадахгүйг мэдэж байна. Манай гэр бүл энэ шархаа даван туулж, цаг хугацааны явцад би та нарынхаа итгэлийг эргүүлэн олж чадна гэж найдаж байна» хэмээн бичсэн гэжээ.
Alice Huang-тай холбоотой сэжиг АНУ-ын анхааралд өртжээ
Тэдний харилцаа АНУ-ын засгийн газрын анхаарлыг татсаны дараа Huang дээрх тайлбарыг хийсэн гэж мэдээлсэн байна.
The New York Times-ийн мэдээллийг эшилснээр, хэдэн сарын өмнө гарсан АНУ-ын нууц тайланд Alice Huang-ийг Хятадын Төрийн аюулгүй байдлын яам тагнуулын зорилгоор элсүүлсэн байж болзошгүй гэж дурджээ. Түүнийг бизнесийн холбоо харилцаа болон Nvidia-д ойр байх боломжоо ашиглан олж авсан мэдээллийг Хятадын талд дамжуулсан байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа аж.
Alice Huang-ийн нас болон тэдний дотно харилцаа хэр удаан үргэлжилсэн нь тодорхойгүй байна. Харин 2024 онд Тайбэйн нэгэн бааранд хамт байхад нь зураг авсан гэж нийтлэлд дурджээ.
Nvidia нууц мэдээлэл алдагдсан гэх үндэслэл байхгүй гэж мэдэгдэв
Nvidia-ийн захирлуудын зөвлөл компанийн нууц болон үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэж үзэх үндэслэл одоогоор байхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Гэсэн ч Jensen Huang гадаадын тагнуулын байгууллагын онилсон бай болсон эсэхийг тогтоохоор дотоод шалгалт эхлүүлжээ. Тус компани Huang болон түүний удирдлагын багт итгэж байгаагаа мөн онцолсон гэж мэдээлсэн байна.
Huang шалгалтыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
«Би эх орон, компанидаа хайртай. Nvidia-г хамгаалж, Америкийн үндэсний аюулгүй байдлыг дэмжихийн төлөө тууштай ажиллана» хэмээн түүний мэдэгдэлд өгүүлсэн байна.
Megaspeed-ийн чипийн худалдан авалтыг мөн шалгаж байгаа гэв
Alice Huang нь Сингапурын Megaspeed компанийн удирдах албан тушаалтан гэж эх мэдээлэлд танилцуулжээ. Тус компани Nvidia-аас хиймэл оюун ухаанд ашигладаг дэвшилтэт чипүүдийг олон тэрбум ам.доллароор худалдан авсан байна.
Joe Biden-ийн засаг захиргаа өмнө нь ийм чипийг Хятад руу худалдахыг хязгаарлаж байсан юм. Харин Jensen Huang Donald Trump-ийн засаг захиргааг зарим хязгаарлалтыг сулруулахыг ятгасан гэж нийтлэлд дурджээ.
Одоо Megaspeed-ийг АНУ-ын экспортын хязгаарлалтыг тойрон Nvidia-ийн дэвшилтэт график процессоруудыг Хятадад нийлүүлэхэд тусалсан гэх асуудлаар шалгаж байгаа гэж мэдээлсэн байна.
Nvidia-г үүсгэн байгуулсан цагаасаа удирдаж иржээ
Jensen Huang 1993 онд Nvidia-г үүсгэн байгуулснаас хойш ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа юм. Тэрээр Тайваньд төрж, багадаа гэр бүлийнхээ хамт Тайландад нүүж очсон бөгөөд хожим АНУ-д шилжин суурьшжээ.
1985 онд Lori Mills-тэй гэрлэсэн тэд Spencer, Madison хэмээх насанд хүрсэн хоёр хүүхэдтэй.
Эх мэдээлэлд дурдсанаар, Donald Trump энэ онд Huang-ийг ерөнхийлөгчийн шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүнээр томилсон байна. Мөн түүний ажлыг үнэлж, АНУ-ын төлөө «гайхалтай ажил хийсэн» хэмээн хэлж байжээ.
Нийтлэлд Nvidia-ийн зах зээлийн үнэлгээг 4.83 их наяд ам.доллар гэж мэдээлж, Apple-ийн дараа орж байгааг дурдсан байна.