Өглөө 63 цистерн шатахуун орж иржээ
Өнөөдөр өглөөний 6:35 цагт ОХУ-аас нийт 63 цистерн шатахуун ирсэн байна. Үүнээс АИ-92 автобензин 32 вагон байсан гэж мэдээллээ.
АИ-92 шатахууны 27 вагон Толгойт өртөөнд ирсэн бол дизель түлш 31 вагон орж иржээ. Дизель түлшний хувьд Толгойт өртөөнд 15 вагон, Аршаант өртөөнд 6 вагон тус тус буусан байна.
Шуурхай штабын мэдээллийг цахимаар хүргэж эхэллээ
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штабын албан ёсны пэйж хуудас болох Шатахууны шуурхай штабын мэдээллийг цахим орчинд нийтэлж эхэлсэн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлжээ.
Энэхүү хуудсаар дамжуулан иргэдэд шатахууны хангамжийн нөхцөл байдал, нефтийн бүтээгдэхүүн импортлогч болон түгээгч компаниудын шатахуун түгээх станцуудад нөхөн хангалт хийж буй явцыг тухай бүр мэдээлэх юм байна.
АИ-92 шатахууны хуваарилалт хийгдэж байна
Өнөөдрийн өглөөний байдлаар ОХУ-аас ирсэн 32 вагон АИ-92 шатахууныг холбогдох аж ахуйн нэгжүүдэд хуваарилж эхэлжээ.
Шатахууны хангамжид үүссэн хүндрэлтэй холбоотойгоор иргэдийн дунд мэдээллийн хүлээлт өндөр байгаа энэ үед шуурхай штаб импорт, буулгалт, түгээлтийн явцыг ил тод мэдээлэхээр ажиллаж байна.
Шатахууны нөхөн хангалтыг тогтмол мэдээлнэ
Цаашид шатахууны нөөц, хилээр орж ирж буй цистерн, өртөөнүүдэд бууж буй түлш, мөн шатахуун түгээх станцуудад хийж буй нөхөн хангалтын мэдээллийг шуурхай хүргэхээр төлөвлөжээ.
Ингэснээр иргэд шатахууны бодит хангамжийн талаар албан эх сурвалжаас мэдээлэл авч, түгээлтийн явцыг цаг тухайд нь хянах боломжтой болох юм.