Оросын онгоцнууд Уллынь аралд ойртож, Өмнөд Солонгос сөнөөгчдөө хөөргөжээ

Мягмар гарагийн үүрээр Оросын хэд хэдэн байлдааны нисэх онгоц Зүүн тэнгис дэх Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах таних бүсэд түр нэвтэрчээ. Улмаар Уллынь аралд түгшүүр зарлаж, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин сөнөөгч онгоцнуудаа хөөргөсөн байна.

Тус улсын Жанжин штаб Оросын онгоцнууд агаарын орон зайг нь зөрчөөгүйг тодруулжээ. Харин иргэдэд эхэлж хүргэсэн сэрэмжлүүлэгт агаарын хил зөрчсөн мэтээр мэдээлсэн нь төөрөгдөл үүсгэсэн байна.

Хамгаалалтын бүсэд нэвтэрсэн ч агаарын хил зөрчөөгүй

Жанжин штабын мэдээлснээр, Оросын байлдааны онгоцнууд өглөө эрт KADIZ буюу Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах таних бүсэд орж, Уллынь арлын зүг ойртсоныхоо дараа буцан гарчээ.

KADIZ нь тус улсын бүрэн эрхт агаарын орон зайтай адилгүй. Энэ нь Өмнөд Солонгосыг чиглэж буй гадаадын нисэх онгоцны хөдөлгөөнийг урьдчилан илрүүлж, таних зориулалттай бүс юм.

Жанжин штаб мэдэгдэлдээ “Бид Оросын онгоцнуудыг KADIZ-д нэвтрэхээс нь өмнө хөдөлгөөнийг нь илрүүлж, болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх үүднээс тактикийн маневр хийлгэхээр сөнөөгч онгоцнуудаа илгээсэн юм” гэжээ.

Оросын онгоцнууд Өмнөд Солонгосын агаарын хилд маш ойртсон боловч нэвтрээгүй, хариу арга хэмжээ авсны дараа бүсээс гарсан гэж Жанжин штабын албан тушаалтан сэтгүүлчдэд тайлбарласан байна.

Сөүл Оросын дипломат ажилтанд эсэргүүцэл илэрхийлнэ

Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Чун Бинна хэвлэлийн хурлын үеэр ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтныг тухайн өдөртөө багтаан дуудахаар төлөвлөж байгааг мэдэгджээ.

Сөүл уг үйл явдалтай холбогдуулан Оросын талд албан ёсны эсэргүүцэл илэрхийлэх аж.

Иргэдэд хүргэсэн мэдээллийг хоёр удаа залруулжээ

Эхэндээ Дотоод хэргийн яам онгоцнуудыг улсын агаарын орон зайд орсон гэж үзэж, агаарын довтолгооны түгшүүр зарласан байна. Гар утсанд илгээсэн яаралтай мэдэгдлээр иргэдийг газар доорх хоргодох байранд орохыг уриалжээ.

Онгоцнууд бүсээс гарсны дараа түгшүүрийг цуцалсан ч орон нутгийн захиргааны дараагийн мэдээлэлд дахин алдаа гарсан байна.

Уллынь арал харьяалагддаг Умард Кёнсан мужийн захиргаа түгшүүр дууссаныг мэдэгдэхдээ тухайн онгоцнуудыг Умард Солонгосынх байж болзошгүй гэж бичжээ. Мужийн албаныхан ойролцоогоор 40 минутын дараа уг мэдээллийг залруулсан байна.

Эх сурвалж: Yonhap News

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу