Пап лам Фрэнсисийн өдрийн тэмдэглэлд эрлэгтэй учирсан гэх ер бусын дурсамжууд багтжээ

Католик шашны тэргүүн асан, Пап лам Фрэнсисийн хувийн өдрийн тэмдэглэл энэ сарын 24-нд хэвлэгдсэн бөгөөд түүнд амьд ахуйдаа гурван удаа эрлэгтэй учирч, тамын хаалгыг харсан тухайгаа бичсэн хэмээн мэдээлжээ.

“Пап лам Фрэнсисийн хувийн өдрийн тэмдэглэл” нэртэй уг бүтээлд түүний шашны амьдрал, хувийн эргэцүүлэл болон 2018 онд Чилид хийсэн айлчлалтай холбоотой харамсал зэрэг дурсамж багтсан байна.

Эрлэгтэй гурван удаа учирсан тухайгаа бичжээ

Мэдээлэлд дурдсанаар, Фрэнсис машинд зорчиж байхдаа, мөргөлийн үеэр болон Ватиканы албан тушаалтнуудтай уулзахдаа эрлэгийг харсан тухайгаа тэмдэглэлдээ өгүүлжээ. Тэрбээр нэгэн удаагийн учралыг дурсахдаа:

“Түүний хүчтэй хэр нь сөөнгө дуу хоолойг мартаж чадахгүй нь” хэмээн бичсэн байна. Харин хоёр дахь удаагийн учралынхаа талаар: “Тэр над руу гал шиг дүрэлзсэн нүдээр харж байсан. Өмнөх удаагийнхаас ч гүн харц. Яг л галын дөл шиг” гэж тэмдэглэжээ.

Фрэнсис эдгээрийг өөрт тохиолдсон ер бусын туршлага хэмээн дүрсэлсэн бөгөөд тэмдэглэлд өгүүлсэн зүйлс нь түүний хувийн шашны мэдрэмж, дурсамжийн хүрээнд хамаарч байгаа юм.

2018 онд тамын хаалгыг харсан хэмээн тэмдэглэн үлдээжээ

Өдрийн тэмдэглэлд дурдсан өөр нэгэн үйл явдал нь 2018 оны зургаадугаар сард болсон гэх ер бусын үзэгдэл байв. Фрэнсис унтахынхаа өмнө тамын хаалгыг харсан тухайгаа бичсэн гэж мэдээлжээ. Тэрбээр:

“Багахан ажигласаны дараа аймшигтай санагдсан. Тиймээс зэвсэг болгон эрхээ гартаа атгасан. Тамын хаалганд ойртох аюултай. Учир нь тэндээс галын дөл дүрэлзэн гарч, түлэх аюултай” хэмээн тэмдэглэсэн байна.

Мөн Чилид айлчлах үеэрээ болон Ромд буцаж ирснийхээ дараа эрлэгийг харж, дуу хоолойг нь сонссон тухайгаа өгүүлжээ. “Би түүнийг харж, дуу хоолойг нь сонсож байв. Ялгуусан бөгөөд эзэрхэг” хэмээн бичсэн Фрэнсис цааш нь “Бурхан надад түүнтэй учрахаас ангижрах боломж хайрласан” гэж тэмдэглэсэн байна.

Чилид хийсэн айлчлалынхаа үеийн шийдвэрт харамсаж байжээ

Тус тэмдэглэлд зөвхөн шашны ер бусын туршлагын тухай бус, Пап ламын алба хашиж байх үеийн шийдвэр, үйл явдлуудтай холбоотой хувийн эргэцүүлэл багтжээ.

Тухайлбал, Фрэнсис 2018 онд Чили улсад айлчлахдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдсан санваартныг хамгаалсан байр суурь илэрхийлсэндээ харамсаж байснаа бичсэн байна.

Түүний хувийн өдрийн тэмдэглэлийг 1992-2024 оны хооронд хөтөлсөн хэмээн мэдээлжээ.

Пап лам Фрэнсис 2013 онд Католик сүмийн тэргүүнээр сонгогдож, 2025 оны дөрөвдүгээр сард 88 насандаа таалал төгсөх хүртлээ 12 жилийн турш энэ албыг хашсан юм.

Түүнийг нас барсны дараа хэвлэгдсэн гэх хувийн тэмдэглэл нь шашны тэргүүний дотоод ертөнц, итгэл үнэмшил, амьдралынхаа явцад эргэцүүлж байсан асуудлуудыг олон нийтэд хүргэж буйгаараа анхаарал татаж байна.

Ялангуяа эрлэг, тамын хаалгатай холбоотой дүрслэлүүд нь бодит үйл явдлыг баталсан баримт бус, түүний өөрийнх нь мэдэрсэн гэж тэмдэглэсэн шашны туршлагын тухай өгүүлэмж юм. Харин Чилийн айлчлалтай холбоотой харамсал нь Фрэнсис алба хаших хугацаандаа гаргасан шийдвэрүүдээ эргэн дүгнэж байсныг харуулж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу