Нийслэлийн зуслангийн бүсэд байрлах Санзайн авто замаас Майхан толгой хүртэлх 0.9 километр урт хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсийн мэдээлснээр шинэ авто зам ашиглалтад орсноор тухайн бүсийн тоосжилтыг бууруулах ач холбогдолтой бөгөөд замын эхний хэсгийг арваннэгдүгээр сард нээхээр төлөвлөсөн байна.
Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талаараа явган хүний замтай хатуу хучилттай авто зам барьж байгаа бөгөөд ажлыг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа аж.
Дугуйн зам, гэрэлтүүлгийг хамтад нь шийднэ
Авто замын бүтээн байгуулалтын хүрээнд зөвхөн үндсэн замыг тавихаас гадна дэд бүтцийн хэд хэдэн ажлыг цогцоор нь хийхээр төлөвлөжээ.
Тухайлбал, ус зайлуулах хоолой шинээр барих, явган хүний болон дугуйн зам байгуулах, замын тэмдэг, тэмдэглэгээ хийх, гарц, орцыг шийдвэрлэхээс гадна гэрэлтүүлгийн систем суурилуулах юм байна.
Ингэснээр Санзай-Майхан толгой чиглэлийн хөдөлгөөний нөхцөл сайжирч, явган зорчигч болон дугуйчдын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэх аж.
Энэ онд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны авто зам болон замын байгууламжийн ажилд нийслэлийн төсвөөс 3.1 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна.