Төлөвлөөгүй уналтын дараах ул мөрийг ил болголоо
Өмнөд Солонгосын сансрын агентлаг KASA SpaceX компанийн пуужингийн хэсэг саран дээр унасны дараах ул мөрийг харуулсан гэрэл зургуудыг нийтэлжээ.
Лхагва гарагт SpaceX-ийн сансарт үлдсэн пуужингийн хэсэг сарны гадаргуу дээр унасан байна. Улаанбаатарын цагаар тухайн өдрийн 14:35 цагт болсон энэ үйл явдал нь төлөвлөгдсөн ажиллагаа бус байжээ.
Данури станц сарны гадаргууг харьцуулан зураглав
KASA өөрийн сарны тойрог замд ажиллаж буй Данури станцын авсан зургуудыг ашиглан пуужингийн хэсэг унахаас өмнөх болон дараах сарны гадаргууг харьцуулан үзүүлсэн байна.
Эдгээр зурагт уналтын дараа сарны гадаргуу дээр шинэ тогоо үүссэн нь харагдаж байгаа аж.
Falcon 9-ийн дээд хэсэг саран дээр унажээ
SpaceX-ийн Falcon 9 пуужин дахин ашиглагддаг технологитой. Зарим хэсэг нь дэлхий рүү буцаж ирэхээр, харин зарим хэсэг нь үүргээ гүйцэтгэсний дараа сансрын уудамд үлдэхээр бүтээгдсэн байдаг.
Энэ удаа унасан хэсэг нь Falcon 9-ийн хоосон дээд бие байжээ. Судлаачид уг хэсгийг сарны гадаргуу дээр ойролцоогоор 8,700 км/цагийн хурдтай мөргөнө гэж өмнө нь тооцоолсон байсан байна.
Таван давхар байшинтай дүйх хэмжээтэй хэсэг байв
Уг пуужингийн дээд хэсэг дэлхий дээр 4,000 кг орчим жинтэй бөгөөд хэмжээний хувьд таван давхар байшинтай ойролцоо гэж мэдээлжээ.
Ийм том биет сарны гадаргуу дээр өндөр хурдтай унасан тул тогоо үүсгэсэн байх магадлалтайг KASA-ийн зураг баталсан байна.
Уналтыг телескопоор ажиглахад хүндрэлтэй байжээ
Пуужингийн хэсэг саран дээр унах үйл явцыг сонирхогчид төдийгүй зарим мэргэжлийн телескопоор ч шууд ажиглахад амаргүй байсан аж.
Тиймээс KASA-ийн Данури станцын авсан өмнөх ба дараах харьцуулсан зургууд энэ үйл явдлыг баримтжуулсан чухал мэдээлэл болж байна.
Өмнө нь сарны станцуудыг тээвэрлэн хөөрч байжээ
Уг Falcon 9 пуужин өнгөрсөн оны нэгдүгээр сард сарны хоёр газардагч станцыг тээвэрлэн Флоридагийн эргээс хөөрсөн байна.
Сая саран дээр унасан дээд хэсгийн үндсэн үүрэг нь хоёр станцыг дэлхийн тойрог замаас гаргаж, сарны чиглэлд илгээх байжээ. Үүргээ гүйцэтгэсний дараа уг хэсэг сарны тойрог орчимд удаан хугацаанд хөдөлж байгаад эцэст нь татагдан унасан байна.
Дэлхийд аюулгүй ч сансрын хогийн асуудлыг санууллаа
Энэ уналт дэлхийд шууд аюул учруулахгүй. Гэхдээ сансарт үлдэж буй техник, хаягдал биетүүд улам нэмэгдэж байгаагийн тод жишээ болж байна.
Сансрын салбар эрчимтэй хөгжиж, жил бүр олон пуужин, хиймэл дагуул, төхөөрөмж хөөргөж байгаа нь ирээдүйд тойрог замын ачааллыг нэмэгдүүлэх эрсдэлтэй юм.
Кэмбрижийн их сургуулийн астрономич Мэтт Ботвэлл “Жил бүр маш олон техник хөөргөж байгаагаас сансрын уудам улам бүр хөл хөдөлгөөн ихтэй болж байна. Хэдхэн арван жилийн дараа хог хаягдалдаа дарагдаж, дэлхийн тойрог замыг нэвтлэх боломжгүй болж магадгүй юм” гэж хэлжээ.
Сар дээрх шинэ тогоо сансрын хогийн бодит ул мөр болов
SpaceX-ийн пуужингийн хэсэг сарны гадаргуу дээр унасан энэ тохиолдол нь сансрын хог хаягдал зөвхөн дэлхийн тойрог замын асуудал биш гэдгийг харуулж байна.
KASA-ийн нийтэлсэн зураг пуужингийн үлдэгдэл саран дээр бодит ул мөр үлдээж болохыг нотолж, ирээдүйн сансрын нислэг, тоног төхөөрөмжийн хяналт, хаягдлын менежментийн асуудлыг дахин сөхлөө.

Саран дээр хүртэл хүний хийсэн зүйл мөрөө үлдээж байна гэхээр сонин мэдрэмж төрж байна
Өмнөх, дараах зургийг нь харьцуулж харах их сонирхолтой юм байна