Илон Маскийн эзэмшдэг Америкийн SpaceX корпорац хөрөнгийн биржид анх удаа хувьцаагаа гаргах хүсэлтээ лхагва гарагт өгчээ. Тус компани IPO-гоор 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн том анхдагч хувьцааны арилжаануудын нэг болж магадгүй байна.
SpaceX-ийн хувьцааг АНУ-ын Nasdaq бирж дээр SPCX гэсэн тэмдэглэгээгээр арилжаалахаар төлөвлөжээ. Арилжаа ирэх зургаадугаар сард багтан эхэлж болзошгүй байна.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд хүргүүлсэн баримтад дурдсанаар IPO хийсний дараа Илон Маск SpaceX-ийн ерөнхий захирал, технологи хариуцсан захирал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалаа хэвээр хадгалах аж.
SpaceX 24 жилийн түүхэндээ анх удаа санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллээ олон нийтэд ил болгож байна. Баримтад дурдсанаар компанийн 2025 оны орлого 18.7 тэрбум ам.долларт хүрчээ. Гэсэн ч тухайн онд SpaceX 2.6 тэрбум ам.долларын үйл ажиллагааны алдагдалтай ажилласан байна.
Энэ алдагдлыг шинэ үеийн пуужингийн хөгжүүлэлт, хиймэл оюуны технологи болон бусад дэвшилтэт төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулсантай холбон тайлбарлажээ.
Reuters агентлагийн дүгнэлтээр SpaceX ойрын хугацаанд шинэ хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах төлөвгүй байна. Энэ нь компани хөрөнгө оруулалтаа цаашдын хөгжил, судалгаа, үйлдвэрлэлийн өргөтгөлд төвлөрүүлэх магадлалтайг харуулж байна.
SpaceX 2002 онд байгуулагдсан. Тус компани дахин ашиглах боломжтой пуужингийн технологи болон дэлхий даяар өргөн зурвасын интернэт хүргэдэг Starlink төслөөр сансар судлалын салбарт томоохон өөрчлөлт авчирсан юм. Starlink сүлжээ одоогоор 10 мянга орчим хиймэл дагуултай гэж мэдээлэгдэж байна.
Илон Маскийн SpaceX-тэй холбоотой хамгийн том зорилгуудын нэг нь Ангараг гараг дээр хүн төрөлхтний байнгын суурин байгуулах явдал хэвээр байна. IPO амжилттай болбол тус компанийн сансар судлал, Starship, Starlink болон Ангараг руу чиглэсэн урт хугацааны төслүүдэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр улам нэмэгдэх боломжтой.