The MongolZ PGL Bucharest 2026 тэмцээний шөвгийн наймд шалгарлаа

Wildcard-ийг 2:0-ээр буулган авсан Монголын баг плей-оффт хүч үзэхээр боллоо

Румын улсын Бухарест хотод үргэлжилж буй Counter-Strike 2 төрлийн PGL Bucharest 2026 тэмцээнд Монголын The MongolZ баг амжилттай оролцож, шөвгийн найм буюу плей-оффын шатанд шалгарлаа. Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд манай баг дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож байгаа бөгөөд ийнхүү дараагийн шатанд шалгарсан нь томоохон амжилт боллоо.

Тэмцээний тойргийн шатнаас гурван хожил авсан найман баг плей-оффт шалгарах учиртай. The MongolZ эхний тойрогт Португалийн төвтэй BC.Game Esports багийг буулган авсан бол хоёрдугаар тойрогт Шведийн EYEBALLERS багийг мөн ялсан. Харин шөвгийн наймд шууд шалгарах чухал тоглолтод Данийн Astralis багт 0:2-ын харьцаатай ялагдсан юм.

Гэсэн ч Монголын баг өнөөдөр дөрөвдүгээр тойрогт АНУ-ын Wildcard багтай тоглож, 2:0-ийн харьцаатай ялалт байгуулснаар плей-оффын эрхээ албан ёсоор баталгаажууллаа. Энэ тоглолтод The MongolZ өрсөлдөгчийн сонгосон Dust2 мап дээр 13:11-ээр хожсон бол өөрсдийн сонгосон Nuke мап дээр 13:8-аар илүүрхэн цувралыг хаасан байна.

Дараагийн өрсөлдөгч маргааш тодорч, Монголын баг том шагналын төлөө өрсөлдөнө

PGL Bucharest 2026 тэмцээний тойргийн шатны тоглолтууд маргааш өндөрлөнө. Үүний дараа энэ пүрэв гарагт шөвгийн найман багийн тоглолтууд эхлэх бөгөөд The MongolZ-ийн дараагийн өрсөлдөгч мөн маргааш тодрох юм.

Энэ удаагийн тэмцээнд манай баг өндөр амжилт үзүүлэх боломжтой гэж үзэх үндэслэл бий. Учир нь дэлхийн чансааг тэргүүлэгч Францын Team Vitality, Украины Natus Vincere, Бразилын FURIA зэрэг хүчтэй багууд энэ тэмцээнийг өнжсөн. Гэхдээ дэлхийн чансааны гуравт бичигдэж буй ОХУ-ын PARIVISION болон эхний аравт багтаж буй Данийн Astralis багууд гол өрсөлдөгч хэвээр байна.

Румынд аваргалсан баг 400 мянган ам.долларын шагнал авах бол дэд байрт орсон баг 187,500 ам.долларын шагнал хүртэх юм. The MongolZ багийн олон улсын оролцоо, өсөлт хөгжилд 1xBet-ийн дэмжлэг чухал нөлөө үзүүлж байгаа бөгөөд баг энэ удаад ч өндөр амжилтын төлөө өрсөлдөж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу