Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт эрчимжих тохиолдолд есөн дүүргийн 12 эрүүл мэндийн байгууллагад хүүхдийн тусламжийн орыг 1607 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, эмнэлгүүдийн өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдал, дархлаажуулалтын явц болон иргэдийн үйлчилгээний сэтгэл ханамжтай холбоотой нөхцөл байдалтай танилцсан байна.
Хөнгөвчлөх эмчилгээний орны хүрэлцээ муу байна
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хорт хавдрын хяналтад байгаа өвчтөний тоо нэмэгдэж, хөнгөвчлөх эмчилгээний орны хэрэгцээ өссөн талаар тус төвийн удирдлага мэдээлжээ.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Бямбасүрэн:
“Энэ оны зургаадугаар сарын байдлаар БГД-ийн Эрүүл мэндийн төвд хорт хавдрын 2672 тохиолдол хянагдаж байна. Энэ нь өмнөх онуудаас 4-5 дахин ихэссэн. Хөнгөвчлөх эмчилгээний 10 ор хүрэлцдэггүй. Тиймээс засвар өргөтгөл хийж, 25 ор ажиллуулах шаардлага байна. Хөнгөвчлөх тасаг, мэс заслын өрөөний хүчин чадалтай уялдуулан хүчилтөрөгчийн үйлдвэр барих хэрэгцээ бий. Хүчилтөрөгчийн үйлдвэр барихад Эрүүл мэндийн төвийн хашаан доторх “ХТП – 3168” трансформаторын дэд станцыг нүүлгэн шилжүүлэх зэрэг шийдэл хайж байна. Баянгол дүүргийн хэмжээнд бөөрний архаг дутагдалтай 52 өвчтөн байдаг. 2016 онд диализын дөрвөн аппарат шинээр суурилагдсан. Үүнээс хойш огт шинэчлээгүй, ачааллаа дийлэхгүй байгаа”
гэлээ.
Иймээс тус төвийн хөнгөвчлөх тусламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулах, диализын тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлага тулгарч байгаа аж.
Томуугийн эсрэг дархлаажуулалт 54.2 хувьд хүрчээ
Баянгол дүүргийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын хамрагдалт 54.2 хувьд хүрсэн байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар:
“Томуугийн эсрэг дархлаажуулалтын үр дүнд эмнэлэгт өвчлөл 20 хувь, хэвтэн эмчлүүлэх 30 болон түүнээс дээш хувиар буурах боломжтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалсан байдаг. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт үр дүнтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 12 эрүүл мэндийн байгууллагад 772 хүүхдийн тусламжийн ор дэлгэсэн байна. Томуугийн дэгдэлтээс хамаараад 115 хувь буюу 1607 ор хүртэл дэлгэхээр төлөвлөсөн”
гэв.
Ингэснээр томуугийн өвчлөл нэмэгдэх үед хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламжийн хүчин чадлыг шат дараатай нэмэгдүүлэхээр бэлтгэж байгаа юм.
Эмнэлгийн тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн үйлдвэрийн асуудлыг шийдвэрлэнэ
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва:
“Эрүүл мэндийн төвд тулгамдаж буй эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, хөнгөвчлөх тасгийг өргөтгөх, эмнэлгийн дэргэд баригдах хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг цаг алдалгүй эхлүүлэхийг хамгийн боломжит хувилбараар шийднэ. Мөн диализын аппаратыг судал. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн иргэддээ өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандаж “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аянд хамрагдахыг уриалж байна. Бид энэ өвөл эх, хүүхдийг коридорт эмчлүүлэхгүй байх нөхцөл боломжоор хангахаар төрөлжсөн эмнэлгүүдийг бий болгон ажиллаж байна. Эмнэлгүүдийн зогсоолын эхний хоёр цаг үнэгүй байгаа ч эмнэлгээр үйлчлүүлээгүй хүмүүс зогсоолд нь машинаа тавьдаг, зогсоол хүрэлцэхгүй хэвээр байна. Энэ асуудлыг судлах хэрэгтэй”
хэмээн үүрэг чиглэл өглөө.
Нийслэлийн зүгээс өвлийн улиралд томуугийн дэгдэлтийн үеийн ачааллыг бууруулах, хүүхэд болон эхчүүдийг коридорт эмчлүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж болон орны хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарахаар болжээ.
Хүүхдүүдээ сайн дулаан хувцаслаж, дархлааг нь дэмжээрэй
Эмнэлгүүд бэлтгэлтэй байгаа нь сайн байна даа