Туул голд осолдсон хоёр хүүхдийн цогцсыг олжээ

Сүүлийн өдрүүдэд гол, усанд осолдох дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Он гарсаар Туул голд 5 хүн, 2 хүүхэд амиа алджээ

Нийслэлийн хэмжээнд он гарсаар Туул голын усанд таван том хүн, хоёр хүүхэд осолдож, амь насаа алдсан байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Яармагийн гүүрний хойд хэсэгт хүүхэд усанд живж, алга болсон тухай дуудлага 18:29 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Долоо болон 14 настай хоёр хүүхэд эндсэн байна

Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн газар дээр нь очиж, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна.

Эрлийн ажиллагааны үр дүнд долоо болон 14 настай хоёр хүүхэд усанд осолдож нас барсан байсныг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Ойрын өдрүүдэд халалт үргэлжилнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд халалт үргэлжилж, зарим үед түр зуурын аадар бороо орох төлөвтэй байгааг мэдээлсэн байна.

Иймээс иргэдийг гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иргэдэд өгөх сэрэмжлүүлэг

Нийслэлийн Онцгой байдлын газраас дараах анхааруулгыг өгчээ.

  • Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид өдрийн цагаар хүүхэдтэйгээ байнга холбоотой байж, анхааруулга сэрэмжлүүлэг өгч, аюулгүй байдлыг нь хангах;
  • Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа орчны нөхцөл байдлыг сайтар ажиглаж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх;
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх.

Зуны халуун өдрүүдэд гол, ус бараадах иргэдийн тоо нэмэгддэг тул хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарч, усны ослоос урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагууд сэрэмжлүүлж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу