УИХ-ын арваннэгдүгээр сарын 19-ний чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь хүсэлтийг дэмжсэнээр түүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болж байна.
У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 17-нд албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн юм. Тэрээр төрийн тэргүүний нэр хүндэд халдсан мэдээллүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэхийн тулд ийм шийдвэр гаргаснаа тайлбарлаж байв.
Намын бүлгүүд, байнгын хороо хүсэлтийг дэмжжээ
Ерөнхийлөгчийн хүсэлтийг нэгдсэн чуулганд оруулахаас өмнө УИХ дахь намуудын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хэлэлцэж, дэмжсэн байна.
Байнгын хорооны хуралдаанд уг асуудлаар асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явуулснаар хэлэлцүүлэг өндөрлөжээ.
Харин нэгдсэн чуулганы үеэр Б.Пүрэвдорж, Ж.Чинбүрэн, С.Цэнгүүн, Д.Батлут зэрэг гишүүн Ерөнхийлөгчөөс ажлаа өгөх болсон шалтгаан, үндэслэлийг тодруулсан байна.
У.Хүрэлсүх хариулахдаа:
“Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдэл, улс орны аюулгүй байдалтай холбоотой, гадаад ертөнцөд Монгол Улсаа бүрэн эрхтэй төлөөлдөг албан тушаал юм. Сүүлийн хэдэн сард гэмт бүлэглэлүүд гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд цацах болсон. Үүнээс улбаалан надад нэг сонголт үлдсэн нь төрийн тэргүүний эрхэм нэр хүндийг сэргээх явдал юм” гэжээ.
Гишүүд түүний хэрэгжүүлсэн ажлуудыг онцлов
Хуралдаанд үг хэлсэн гишүүд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болсон шийдвэрийг ёс зүйн шинэ жишиг тогтоож байна хэмээн үнэлсэн байна.
Мөн бүрэн эрхийнхээ хугацаанд гадаад харилцаа, батлан хамгаалах, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт хийсэн ажлуудыг нь дурджээ.
Тухайлбал, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг санаачилж, бодит ажил болгосныг тэмдэглэсэн байна. Түүнчлэн монголчууд байгалийн баялагтаа эзэн байх суурийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан гэж гишүүд хэлжээ.
Ерөнхийлөгчийн үүргийг С.Бямбацогт хэрэгжүүлнэ
Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөхөд дуусахаар заасан байдаг. Харин өөрийн хүсэлтээр чөлөөлөгдвөл бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болох зохицуулалттай.
УИХ хүсэлтийг нь хүлээн авснаар У.Хүрэлсүхийн бүрэн эрх дуусаж, төрийн тэргүүний үүргийг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлэхээр болж байна.
Энэ нь парламентын дарга шинээр тангараг өргөж, Ерөнхийлөгчийн албан тушаалд шилжинэ гэсэн үг биш юм. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх асуудлыг УИХ-ын чуулган тухай бүр хэлэлцэж, шийдвэрлэх аж.
Шаардлагатай үед С.Бямбацогт Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжид “Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч” хэмээн гарын үсэг зурах бөгөөд УИХ-ын даргын бүрэн эрхээ мөн давхар хэрэгжүүлнэ.
Ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор явуулна
Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дууссан тохиолдолд УИХ дөрвөн сарын дотор шинэ сонгууль зарлан явуулах зохицуулалттай байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ээлжит бус сонгуулийн товыг бүрэн эрх дууссанаас хойш ажлын 20 өдрийн дотор зарлахаар тусгажээ. Мөн санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийг зарлах шаардлагатай аж.
Иймээс сонгуулийн өдөр нь тов зарласан өдрөөс хойш дор хаяж 70 хоногийн дараа байх бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрх дууссан үеэс тооцох дөрвөн сарын хугацаанд багтах ёстой байна.
Зургаан жилээр сонгогдсон анхны Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө ажлаа өглөө
У.Хүрэлсүх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин ялалт байгуулж, мөн оны зургаадугаар сарын 25-нд тангараг өргөсөн юм.
Тэрээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу зургаан жилийн хугацаагаар сонгогдсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болсон. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буй анхны тохиолдол болж байна.
Өмнөх Ерөнхийлөгчид дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар ажиллаж байжээ. П.Очирбат 1990–1997, Н.Багабанди 1997–2005, Н.Энхбаяр 2005–2009, Ц.Элбэгдорж 2009–2017, Х.Баттулга 2017–2021 онд төрийн тэргүүний албыг хашсан юм.