Шинэ хот Хөшигийн хөндийд байгуулагдана
Хүннү хотыг Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд буюу Хөшигийн хөндий, Богд уулын өвөрт байгуулахаар төлөвлөсөн.
Шинэ хотын суурь болох инженерийн болон зам тээврийн дэд бүтцийн ажлууд тус байршилд үе шаттайгаар үргэлжилж байна.
Үерийн суваг, авто зам, дэд станцын ажлууд хийгдэж байна
Одоогоор Хүннү хотын үерийн хамгаалалтын 1-р сувгийн ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн хотын цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 30 хувьтай, “Сэргэлэн” дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьтай, “Хүннү” дэд станцын ажил 86 хувьтай хэрэгжиж байгаа юм.
Түүнчлэн Хүннү хотын 127.4 км авто замын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна.
“Хүннү” дэд станцын кабель шугамын угсралт дуусжээ
“Хүннү” дэд станц нь 110/35/10 кВт-ын 2х40 МВт хүчин чадалтайгаар баригдаж байна.
Тус дэд станцын кабель шугамын угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд хотын ирээдүйн эрчим хүчний хангамжийн чухал хэсэг болохоор төлөвлөгджээ.
Нарны үүсгүүр, батарей хуримтлуурын станц барина
Хүннү хотын эрчим хүчний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах зорилгоор 100 МВт-ын нарны үүсгүүр байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн 90 МВт хүчин чадалтай, 360 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлуурын станцыг 47.8 га талбайд барихаар төлөвлөж байгаа юм.
Эдгээр байгууламж ашиглалтад орсноор Хүннү хотын эрчим хүчний найдвартай, тасралтгүй хангамжийг нэмэгдүүлэхээс гадна төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн хүчин чадлыг өргөтгөхөд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Цэвэрлэх байгууламж 35-40 мянган хүний бохир усыг татан зайлуулна
Нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Хүннү хотын цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 шоо метр ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай байна.
Уг байгууламжийг 35-40 мянган хүн амтай хотын бохир усыг татан зайлуулах боломжтой байхаар төлөвлөжээ.
Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импекс” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлыг 2027 оны IV улиралд дуусгахаар үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Хүннү хот 150 мянган оршин суугчтай байхаар төлөвлөгджээ
Хүннү хотыг нийт 150 мянган оршин суугчтай, 80 мянган ажлын байртай орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн.
Шинэ хот нь зөвхөн орон сууцны бүс бус, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, худалдаа, үйлдвэрлэл, тээвэр логистикийн олон чиглэлийг нэгтгэсэн цогц хот болох юм.
“Aerocity” хөгжлийн бүс олон чиглэлтэй байна
Хүннү хотын “Aerocity” хөгжлийн бүсэд эдийн засгийн чөлөөт бүс, амралт, аялал жуулчлалын бүс, олон нийт, худалдаа үйлчилгээний бүс, засаг захиргааны бүсийг байгуулахаар төлөвлөжээ.
Мөн оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, зах, худалдаа, бөөний төвийн бүс, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго бүс, аж ахуйн нөөц бүс зэрэг хэсгүүд багтахаар төлөвлөгдсөн байна.
Ийнхүү Хүннү хотын суурь дэд бүтцийн ажлууд шат дараатай үргэлжилж, ирээдүйн шинэ хотын үндсэн бүтэц бүрэлдэх ажил хийгдэж байна.