Уоррен Баффетын ер бусын зуршил: 48 жил ус уугаагүй гэж хэлсэн түүх дахин сөхөгдөв

Уоррен Баффетын хоол, ундааны өвөрмөц зуршлын тухай хуучин нэгэн яриа дахин анхаарал татжээ. Тэрбумтан Билл Акманы ярьснаар Баффет нэг удаа өөрт нь 48 жилийн турш энгийн ус уугаагүй гэж хэлсэн байна.

Акман энэ тухай “Equity Mates Investing” подкастын шинэ дугаарт оролцохдоо дурсжээ. Хэдэн жилийн өмнө Баффет түүний гэрт оройн зоогт уригдахад Акман зочныхоо дуртай Cherry Coke-ийг тусгайлан бэлтгэсэн байсан аж.

Хоолны үеэр тэр Баффетаас энгийн ус эсвэл хийжүүлсэн ус уух эсэхийг асуухад хөрөнгө оруулагч аль алинаас нь татгалзаж, Cherry Coke сонгосон байна.

Акман:

“Би түүнээс ‘Та ус уудаггүй юм уу?’ гэж асуусан. Гэтэл тэр ‘Билл, би 48 жилийн турш ус уугаагүй’ гэж хариулсан”

хэмээн дурсжээ.

Энэ нь Баффет шингэн огт хэрэглэдэггүй гэсэн үг биш бөгөөд түүний хувьд Кока-Кола өдөр тутмын гол ундаануудын нэг байсаар ирсэн юм.

Баффетын өдрийн хооллолтын дөрөвний нэгийг Кока-Кола бүрдүүлдэг гэж хошигнож байв

Уоррен Баффет өдөрт тав орчим лааз Кока-Кола уудаг гэдгээрээ алдартай.

Тэр 2015 онд өөрийн биеийн “дөрөвний нэг хэсэг нь Кока-Кола” гэж хошигнон хэлж, өдөр тутмын илчлэгийнхээ ойролцоогоор 25 хувийг уг ундаанаас авдаг гэсэн санааг илэрхийлж байжээ.

Хийжүүлсэн ундаанд дурлах түүний зуршил хэдэн арван жилийн түүхтэй.

1986 онд Berkshire Hathaway-ийн хурлын үеэр Баффет Pepsi-д 48 жилийн турш “үнэнч” байсныхаа дараа Cherry Coke сонгож эхэлснээ зарлаж, бүр уг ундааг хурлын албан ёсны ундаа болгосноо мэдэгдэж байв.

Coca-Cola түүний хамгийн алдартай хөрөнгө оруулалтын нэг болсон

Баффетын Cherry Coke-д дуртай байдал хувийн сонголтоор хязгаарлагдаагүй.

Berkshire Hathaway Coca-Cola компанид оруулсан хөрөнгө оруулалтаараа ч олон жилийн турш алдартай. 1990-ээд оны дунд үе гэхэд Berkshire тус компанийн хувьцааны ойролцоогоор есөн хувийг эзэмшдэг болсон байна.

Анх ойролцоогоор 1.3 тэрбум ам.доллараар худалдаж авсан уг хөрөнгө оруулалтын үнэлгээ арванхоёрдугаар сарын сүүлчийн байдлаар 28 тэрбум ам.долларт хүрсэн гэж эх сурвалж мэдээлжээ.

Ингэснээр анхны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад үнэ цэн нь бараг 21 дахин өссөн байна.

Түргэн хоол, амттан ч түүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг

Баффетын хоолны сонголт олон жилийн турш нийтлэг зөвлөмжөөс нэлээд өөр байсаар ирсэн.

Тэр ажилдаа явахдаа McDonald’s-оос өглөөний цай авч идэх, хот-дог, шарсан төмс, попкорн, жигнэмэг, чихэр, зайрмаг зэрэг амттан, хөнгөн зууш хэрэглэх дуртай гэдгээрээ танигдсан.

Энэ сонирхол нь Berkshire Hathaway-ийн хөрөнгө оруулалтын багцад ч давхцдаг.

Тус компанийн охин компаниудад See’s Candies, Dairy Queen багтдаг бол Kraft Heinz нь Berkshire-ийн томоохон хувьцааны эзэмшлүүдийн нэг юм.

Аяллын үеэр хүртэл Cherry Coke тусгайлан бэлтгэдэг байжээ

Баффетын хоолны зуршил заримдаа хамт аялж буй хүмүүсээс тусгай бэлтгэл шаардаж байсан түүхтэй.

1995 онд Билл Гейтс, тухайн үеийн эхнэр Мелинда болон Баффет нар Хятадаар 17 хоног аялсан үед түүнийг өлсгөхгүйн тулд буудлын тогооч нарт хамбургер, шарсан төмс хийхийг урьдчилан заалгаж байжээ.

Түүнчлэн Цагаан хэрэмд авирах үеэр Баффетэд зориулан оргил хэсэгт нь Cherry Coke бэлтгэж тавьсан гэдэг.

Токиод болсон нэгэн сушины оройн зоог ч түүний хувьд таагүй туршлага болсон талаар өмнө нь мэдээлэгдэж байсан.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Berkshire Hathaway компанийг 60 орчим жил удирдсаны эцэст гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа бууж, дараа нь ТУЗ-ийн даргын үүргээ шилжүүлсэн Баффетын энэ хуучин яриа түүний амьдралын хэв маягийг дахин олны анхаарлын төвд оруулжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу