Voyager 1-ийн дохио дэлхийд бүтэн хоног аялна: Хөлөг 26 тэрбум км алсарлаа

NASA-гийн Voyager 1 сансрын хөлөг дэлхийгээс гэрлийн нэг хоногийн зайд хүрч, урт хугацааны аяллынхаа шинэ босгыг давжээ. Энэ нь ойролцоогоор 26 тэрбум километр бөгөөд хөлгөөс илгээсэн дохио дэлхийд ирэхэд бүтэн 24 цаг шаардагдах хэмжээний зай юм.

NASA-гийн тооцооллоор Voyager 1 лхагва гарагт Гринвичийн цагаар 10:16-д энэ цэгт хүрсэн байна. Калифорнийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн мэргэжилтнүүд арваннэгдүгээр сарын 19-нд хөлгийн дохиог хүлээн авахаар төлөвлөжээ.

Төсөөлж байгаагүй холын аялал

Voyager төслийн удирдагч Susan Dodd гэрлийн нэг хоногийн зайд хүрэхийг анх төсөөлөөгүйгээ хэлж, хөлгийн амжилтыг онцолсон байна.

Харин NASA-гийн судлаач Tiffany Kataria гэрэл ганцхан хоногт туулдаг зайг Voyager 1 бараг 50 жилд туулсныг тэмдэглэжээ. Энэ нь сансар огторгуйн уудам орон зайг ойлгоход тод харьцуулалт болж байгаа юм.

Voyager 1 1977 оны есдүгээр сард хөөрсөн бол ихэр хөлөг Voyager 2 мөн оны наймдугаар сард аяллаа эхлүүлсэн байна. Тэд Нарны нөлөөллийн бүсийн гаднах хязгаарыг давж, од хоорондын орон зайд хүрсэн хүний бүтээсэн анхны хөлгүүд болжээ.

Эхний даалгавруудынхаа хүрээнд Voyager хөтөлбөрийн хоёр хөлөг Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван гарагуудын талаарх судалгааны мэдээллийг цуглуулсан юм.

Алс холоос шинжлэх ухааны мэдээлэл илгээсээр байна

Эрчим хүчээ хэмнэхийн тулд камер зэрэг зарим төхөөрөмжийн ажиллагааг зогсоосон ч судалгааны багажууд нь мэдээлэл бүртгэсээр байгаа аж.

Тухайлбал, од хоорондын сийрэг хийн тогтмол хэлбэлзлээс үүсэх сул дохиог илрүүлсэн байна. Соронзон орон, сансрын туяа, плазмын долгионы хэмжилтүүдийг ч дэлхий рүү дамжуулж байгаа юм.

Мэдээллийг Deep Space Network сүлжээний том антеннуудаар хүлээн авдаг бөгөөд эрдэмтэд эдгээр хэмжилтэд тулгуурлан од хоорондын орчныг судалж байна.

Хүн төрөлхтний мэндчилгээг авч явна

Voyager 1 болон Voyager 2 тус бүр дэлхийн тухай мэдээлэл агуулсан 30 сантиметрийн алтаар бүрсэн зэс пянз тээж яваа. Пянзанд манай гарагийн дүр төрх, амьдрал, дуу авиаг танилцуулах мэдээллийг багтаажээ.

Энэ нь хөлгүүдийг өөр соёл иргэншил олсон тохиолдолд дэлхий болон хүн төрөлхтний тухай мэдэх боломж олгох зорилготой юм.

Хагас зуунд ойртсон аяллын явцад цөмийн генераторуудын цахилгаан үйлдвэрлэх чадвар тасралтгүй буурч байна. Одоогийн нөөцөөр хөлгүүд дэлхийтэй дахин гурав, дөрвөн жил холбоо барих боломжтой гэж тооцоолжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу