Нэг шөнийн дотор саятан: Anthropic-ийн ажилтнуудын хувьцаа өндөр үнэлгээнд хүрчээ

Ажилтнуудын 96 хувь саяас дээш ам.долларын хувьцаатай болжээ

Эх нийтлэлд мэдээлснээр, хиймэл оюун ухааны Anthropic компани хөрөнгийн биржид анх удаа хувьцаагаа санал болгосноор ажилтнуудынх нь дийлэнхийн эзэмшил сая ам.долларын босгыг давжээ. Заримынх нь хувьцааны үнэлгээ хэдэн зуун сая ам.долларт хүрсэн байна.

Тус компани энэ оны есдүгээр сарын байдлаар 5300 ажилтантай байв. Нэгж хувьцааг 83 ам.доллараар арилжаанд гаргасны дараа ойролцоогоор 600 ажилтны эзэмшдэг хувьцаа 100 сая ам.доллараас давсан үнэлгээтэй болжээ.

Мөн 2800 орчим ажилтан 10 сая ам.доллараас дээш үнэлгээтэй хувьцаатай болсон байна. Харин нийт ажилтны 96 хувь буюу ойролцоогоор 5100 хүн дор хаяж нэг сая ам.долларын үнэлгээ бүхий хувьцаа эзэмших болжээ.

Хурдтай өсөлт ажилтнуудаа тогтоон барьсан нь

Hill компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Эндрю Бенсон ийм өөрчлөлт маш богино хугацаанд өрнөснийг онцолсон байна. Түүний тайлбарласнаар, Anthropic-ийн ажилтнууд компанийнхаа өсөлтийн хурдыг мэдэрч байсан учраас ажлаасаа гарах хүн бараг байгаагүй аж.

Ажлаа орхивол цаашид хүртэх боломжтой өгөөжөөсөө татгалзах эрсдэлтэйг тэд ойлгож байсан гэж Бенсон үзжээ.

Цалин, хувьцааг хослуулдаг тогтолцоо

Технологийн салбарт ажилтны урамшуулал, цалингийн тодорхой хэсгийг хувьцаагаар олгох нь түгээмэл. Ялангуяа бэлэн мөнгөний нөөц хязгаарлагдмал гарааны компаниуд мөнгөн цалингаа хувьцаатай хослуулах тохиолдол бий.

Компани ирээдүйд өргөжин тэлж, хувьцааны үнэ нь нэмэгдэнэ гэсэн хүлээлт ажилтнуудыг удаан хугацаанд тогтвортой ажиллахад нөлөөлдөг байна.

Гэхдээ Anthropic шиг богино хугацаанд ийм хурдацтай томорсон компани ховор аж. 2021 онд байгуулагдсан тус байгууллага 2024 оны эцэст 1000 хүрэхгүй ажилтантай байсан бол өдгөө ажилтны тоо нь 5300 давжээ.

Албан тушаалаас илүү ажилд орсон хугацаа нөлөөлдөг

Бенсоны тайлбарласнаар, технологийн гарааны компанид хөрөнгө хуримтлуулах боломжийг зөвхөн өндөр албан тушаал тодорхойлдоггүй. Харин компанийн хөгжлийн эхэн үед ажилд орсон байх нь илүү өгөөжтэй байж болно.

Тухайлбал, 2023 эсвэл 2024 онд энгийн ажилтнаар элссэн хүн энэ жил ахлах албан тушаалд томилогдсон ажилтнаас илүү өндөр үнэлгээтэй хувьцаа эзэмших боломжтой аж.

Эх сурвалж: CNN

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу