Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдийг хөнөөсөн М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноолоо

Хэргийг хаалттай шүүх хуралдаанаар хэлэлцэв

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Мижиддоржийн Батчулуун-ыг жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдийн амь насыг хохироож, мөн бага насны хүүхдийг алахыг завдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх уг хэргийг хүлээн авч, иргэдийн төлөөлөгч, улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид болон тэдний өмгөөлөгч нарыг оролцуулан хаалттай хуралдаанаар хэлэлцжээ.

Прокуророос хоёр хүний амь хохироосон гэж үзжээ

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар, М.Батчулуун нь 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 08:00-10:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 39 дүгээр гудамжинд байрлах айлд гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн байна.

Түүнийг бага насны хүүхэд С.Ариунзаяаг хоёр удаа хутгалж, амь насанд нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулан алахыг завдсан гэж буруутгажээ.

Мөн жирэмсэн эмэгтэй Б.Мөнгөншагай болон түүний бага насны хүүхэд С.Азтайзаяа нарыг тус бүр нэг удаа хутгалж, амь насыг нь хохироосон гэж прокуророос үзсэн байна.

Шүүх гэм буруутайд тооцов

Шүүх хэрэгт цугларсан, бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн М.Батчулууныг гэм буруутайд тооцжээ.

Шүүхийн дүгнэлтээр тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, жирэмсэн хүн болон бага насны хүүхдийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ.

Бүх насаар хорих ял оноов

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго болон шударга ёсны зарчмыг үндэслэсэн байна.

Ингээд М.Батчулуунд бага насны хүүхдийг алахыг завдсан гэмт хэрэгт 8 жилийн хорих ял, жирэмсэн хүн болон бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт бүх насаар хорих ял тус тус оноожээ.

Улмаар 8 жилийн хорих ялыг бүх насаар хорих ялд нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг бүх насаар хорих ял-аар тогтоосон байна.

Хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлнэ

Шүүх М.Батчулууны хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллага байхаар шийдвэрлэжээ.

Энэхүү мэдээлэл нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх зорилготой тойм юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу