13-аас доош насныханд сошиал бүртгэл хаагдана: хүүхдийн цахим аюулгүй байдлын шинэ хууль хэлэлцэгдэж эхэллээ

Хүүхдийн цахим аюулгүй байдлын хуулийг сурагчдаар хэлэлцүүлэв

“Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” анхдагч хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны тавдугаар сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор болон Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуульд зохион байгуулж, сурагч хүүхдүүдээс санал, судалгаа авчээ.

Хуулийн төслийг боловсруулах явцад хүүхдүүдийн бодит хэрэглээ, цахим орчинд тулгардаг эрсдэл, өөрсдийнх нь санал бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлгийг сургуулиудын түвшинд эхлүүлсэн байна.

Ч.Номин: Хүүхэд бүрийн санал хуулийн төсөлд ач холбогдолтой

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлэлцүүлгийн үеэр хүүхдүүдийн оролцоо, санал бодол энэ хуулийн төсөлд чухал гэдгийг онцолжээ.

Тэрбээр “Цахим сүлжээнд хүүхдүүдэд аюулгүй орчныг бүрдүүлэх, сөрөг мэдээлэл, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, дадалтай болгоход тэдний санал бодол чухал үнэ цэнтэй. Хуулийн төслийг боловсруулахдаа хааж хорих бус, аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнд эрсдэлд өртөхөөс хамгаалахыг чухалчилсан. Хэлэлцүүлгийг цаашид ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд үргэлжлүүлэн зохион байгуулна. Хүүхдүүд та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал бодлоо хэлж, дуу хоолойгоо хүргээрэй. Хүүхэд бүрийн санал хуулийн төсөлд ач холбогдолтой” гэлээ.

13-аас доош насны хүүхэд бүртгэл үүсгэх боломжгүй болно

Монгол Улсад нийгмийн сүлжээн дэх хүүхдийн аюулгүй байдлыг зарим хууль тогтоомжоор тодорхой хэмжээнд зохицуулж ирсэн ч насны хязгаарлалт, технологийн хамгаалалт, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нарийвчилсан заалт хангалтгүй хэвээр байна.

Иймээс “Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төсөлд 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох зохицуулалтыг тусгажээ.

Харин 13-16 насны хүүхдүүд нийгмийн сүлжээг зохистой хэрэглээний горим болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотойгоор ашиглах боломжтой байхаар төлөвлөсөн байна.

НҮБ-ын зөвлөмжид үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ

НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо 2021 онд “Цахим орчин дахь хүүхдийн эрхийн талаарх 25 дугаар Нэмэлт тайлбар”-ыг баталсан байдаг.

Тус тайлбарын 23-т оролцогч улс орнууд цахим орчныг Хүүхдийн эрхийн тухай конвенцын зарчимд нийцүүлэхийн тулд олон улсын стандартад тулгуурлан үндэсний хууль тогтоомжоо шинэчлэх шаардлагатай гэж зөвлөсөн байна.

Энэ хүрээнд Монгол Улс хүүхдийн цахим орчны эрх, аюулгүй байдлыг тусгайлан зохицуулах хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.

Олон улсын туршлагыг судалсан байна

Хуулийн төслийг боловсруулахдаа АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, ОХУ, Их Британи, БНХАУ, Сингапур, Казахстан, Малайз, Норвеги, Испани, Герман, Эстони зэрэг улсын зохицуулалт, туршлагыг судалсан байна.

Эдгээр улс орон нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч платформуудын үйл ажиллагааны хүрээ, үйлчилгээний төрөл, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийн түвшнээс хамааруулан өөр өөр зохицуулалт хэрэгжүүлдэг аж.

Тухайлбал, Их Британи, Европын Холбоо, Австралид үйлчилгээ үзүүлэгчдэд эрсдэлийн үнэлгээ хийх, нас баталгаажуулах, хортой агуулга болон алгоритмын нөлөөллийг бууруулах, хүүхдэд ээлтэй аюулгүй тохиргоог анхнаас нь бий болгох үүрэг хүлээлгэдэг байна.

Харин Сингапур нийгмийн сүлжээг бүрэн хориглох бус, үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, технологийн урьдчилан сэргийлэх хамгаалалтыг нарийвчлан зохицуулах чиглэл баримталдаг ажээ.

Платформуудыг эрсдэлийн түвшнээр ангилна

“Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төсөлд олон улсын жишгээр үйлчилгээ үзүүлэгчдийг эрсдэлийн түвшнээр ангилах зохицуулалт тусгасан байна.

Мөн хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг нийгмийн сүлжээний платформууд хэрэгжүүлэх үүрэгтэй байхаар тусгажээ.

Ингэснээр хуулийн төсөл нь нийгмийн сүлжээг шууд хориглох бус, хүүхдийг эрсдэлээс хамгаалах, насанд тохирсон хэрэглээ бий болгох, платформуудын хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу