Хятадын Unitree Robotics компани H2-X нэртэй шинэ хүн дүрст робот танилцуулсан бөгөөд уг төхөөрөмжийг аюултай нөхцөлд хүмүүсийг хамгаалах, аврах зориулалтаар хөгжүүлсэн байна.
Компанийн мэдээлснээр H2-X нь зөвхөн алхаж, хөдөлгөөн хийхээс гадна кун-фугийн элементүүдтэй төстэй нарийн хөдөлгөөн гүйцэтгэх чадвартай аж.
Unitree Robotics-ийн WeChat хуудсанд нийтэлсэн дүрс бичлэгт робот машин дээгүүр үсрэх, сальто хийх, өндөр байгууламжаас бууж ирэх зэрэг хөдөлгөөн үзүүлжээ.
Мөн бичлэгт H2-X-ийг дээрэм, зам тээврийн осол зэрэг эрсдэлтэй нөхцөлд хүн хамгаалах байдлаар дүрсэлсэн байна. Ингэснээр роботыг зөвхөн үзүүлбэрийн зориулалтаар бус, хамгаалалт болон аврах ажиллагаанд ашиглах боломжтойг харуулахыг зорьжээ.
Нэг цэнэгээр найман цаг ажиллах боломжтой
H2-X загварын бие хамгаалагч робот нэг удаагийн цэнэглэлтээр найман цаг хүртэл ажиллах чадвартай гэж компанийн мэдээлэлд дурдсан байна.
Unitree Robotics өмнө нь хурд, тэнцвэр, акробат хөдөлгөөнөөрөө анхаарал татсан хүн дүрст роботууд хөгжүүлж байсан бол H2-X нь хүнийг хамгаалах, аюултай орчинд тусламж үзүүлэх чиглэлд ашиглагдах боломжийг онцолж буй шинэ загвар болж байна.
Гэхдээ бодит нөхцөлд ийм роботыг ямар хэлбэрээр, хэр өргөн ашиглах талаар нэмэлт мэдээлэл одоогоор хязгаарлагдмал байна.