Монголын спортын салбарын хамгийн залуу эмэгтэй гавьяат Н.Нандинхүсэл АНУ-ын их сургуулийн дээд лиг болох NCAA Division I-д тоглох санал авсан талаар мэдээллээ.
Тэрбээр “Central” телевизийн “Tonight Mongolia” нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэхүү саналыг хүлээн авснаа хуваалцсан бөгөөд ингэснээр NCAA Division I түвшинд тоглох анхны монгол тамирчин болох боломж бүрдэж байна.
Олон улсын карьерт шинэ шат эхэллээ
Н.Нандинхүсэл өмнө нь АНУ-ын “Florida Tech Panthers” багт тоглож байсан туршлагатай. Одоогоор тэрбээр эх орноо төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байна.
Түүний амжилтаас дурдвал:
- Монголын үндэсний дээд лигийн хоёр удаагийн аварга
- Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн
Азийн аваргад оролцоно
FIBA 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 1-5-ны өдрүүдэд Сингапур улсад болно. Тус тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй багууд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Энэхүү тэмцээн нь олимпын эрхийн оноо цуглуулах улирлын анхны өндөр зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ онцлог юм.