Финландын үндэсний телевиз Yle ер бусын боловч тун энгийн агуулгаар үзэгчдийн анхаарлыг татаж байна. Тус телевиз “Pentulive” буюу “Puppy Live” нэртэй шууд дамжуулалтаараа шинэхэн төрсөн гөлөгнүүдийн өдөр тутмын амьдралыг 24 цагийн турш тасралтгүй үзүүлж байгаа аж.
Шууд дамжуулалтын гол дүрүүд нь Lagotto Romagnolo үүлдрийн Hilkka нэртэй нохойн зургаан гөлөг юм. Hilkka аравдугаар сарын 10-нд хоёр эм, дөрвөн эр гөлөг төрүүлсний дараахан Yle уг дамжуулалтыг эхлүүлжээ.
Камерын өмнө гөлөгнүүд унтаж амрах, хоорондоо тоглох, эхийнхээ дэргэд байх зэрэг өдөр тутмын энгийн мөчүүдээ өнгөрүүлж байна. Гэсэн ч яг энэ энгийн байдал нь үзэгчдийн сонирхлыг хамгийн их татаж байгаа аж.
Yle гөлөгнүүд шинэ эзэддээ очих хүртэл буюу арванхоёрдугаар сар хүртэл шууд дамжуулалтаа үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Финландын хүн амаас ч олон хандалт авч байжээ
“Pentulive” нь Yle-ийн анхны ийм төсөл биш. Энэ жил тус дамжуулалт зургаа дахь улиралдаа хүрч байгаа бөгөөд өмнөх улирлуудад ч маш өндөр үзэлт авч байсан байна.
Финландын хүн ам ойролцоогоор 5.66 сая боловч өнгөрсөн жилийн “Pentulive” нийт 6.5 сая орчим хандалт цуглуулжээ. Харин сошиал сүлжээн дэх холбоотой бичлэг, хуудсуудын нийт үзэлт 20 сая орчимд хүрсэн байна.
Энэ нь гөлөгнүүдийн амьдралыг тасралтгүй харуулдаг энэхүү формат зөвхөн Финландын дотоодын үзэгчдээр хязгаарлагдахгүй, олон улсын сонирхлыг ч татаж чадсаныг харуулж байна.
Энэ жилийн Hilkka-гийн гөлөгнүүдийн шууд дамжуулалт ч богино хугацаанд олны анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд өмнөх улирлын амжилтад хүрэх эсвэл давж магадгүй гэсэн хүлээлт үүсчээ.
Гөлөгнүүдийн унтах, сэрэх, тоглох зэрэг ямар ч найруулгагүй бодит мөчүүд нь олон хүнд тайвшруулах агуулга болж байгаа нь уг төслийн амжилтын нэг шалтгаан гэж үзэж болохоор байна.
Ийнхүү Yle-ийн “Pentulive” дахин олон сая үзэгчийн анхаарлыг татаж, хамгийн энгийн амьдралын агшин хүртэл зөв хэлбэрээр хүрвэл асар их үзэлт авах боломжтойг харуулж байна.