2018 онд хугацаа нь дууссан “ногоон паспорт” цахим орчинд шуугиан тарив

Цахим худалдаа эрхэлдэг нэгэн эмэгтэй дипломат, албан гадаад паспорт ашиглан хил нэвтэрдэг гэх ойлголт төрүүлэхүйц зураг нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татжээ. Тэрээр өөрийн сошиал хаягтаа ногоон өнгийн паспортын зураг байршуулснаар “Ийм паспортыг хэнд олгодог вэ?” гэсэн асуулт өрнөсөн байна.

Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яам албан тайлбар өгч, тухайн иргэний нэр дээр одоогоор хүчинтэй дипломат болон албан паспорт байхгүй гэдгийг мэдэгдлээ.

ГХЯ-наас:

“Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах асуудлыг 2020 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмаар зохицуулдаг. Тус журамд ямар албан тушаал хашиж байгаа эсвэл хашиж байсан хүмүүст дипломат, албан паспорт олгохыг тодорхой заасан. Мөн албан гадаад паспортыг албан томилолтоор зорчих үед ашиглахаар журамд тусгасан байдаг. Тиймээс албан томилолтоос буцаж ирэх үед нь паспортыг хурааж, томилолтын тушаал шийдвэрийг үндэслэн эргүүлж өгөх зохицуулалт үйлчилдэг.

ГХЯ-ны Консулын газар хагас жил тутам дипломат, албан паспортын олголтыг ГХЯ-ны удирдлагад тайлагнадаг. Нийгмийн сүлжээнд мэдээлэл гарсан иргэний гэр бүлийн хүн өмнө нь хилийн чанад дахь ДТГ-т томилогдон ажиллаж байсан. Тэр үедээ гэр бүлийн хамт журмын дагуу авсан албан паспортын хугацаа нь 2018 онд дууссан. Түүнээсээ хойш паспорт мэдүүлээгүй. Одоогоор тухайн иргэдийн нэр дээр хүчинтэй дипломат болон албан паспорт байхгүй”

гэж тайлбарлажээ.

Ингэснээр цахим орчинд түгсэн ногоон паспорт нь тухайн иргэний гэр бүлийн хүн гадаад дахь дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байх үед журмын дагуу олгогдсон бөгөөд хүчинтэй хугацаа нь 2018 онд дууссан паспорт болохыг ГХЯ тодруулсан байна.

Мөн үүнээс хойш шинээр дипломат болон албан паспорт мэдүүлээгүй бөгөөд одоогоор хүчинтэй ийм төрлийн паспорт эзэмшдэггүй гэдгийг тус яам онцолжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу