Нью-Йоркт болсон Sotheby’s дуудлага худалдаагаар “Жоди” нэртэй Нанотираннусын араг яс 47.3 сая ам.доллароор зарагджээ. Ингэснээр уг олдвор үлэг гүрвэлийн чулуужсан араг ясны дуудлага худалдааны түүхэнд хамгийн өндөр үнэд хүрсэн хоёр дахь олдвор болсон байна.
Анх уг араг ясыг есөн сая ам.доллароос дээш үнэд хүрнэ гэж тооцоолж байжээ. Гэвч зургаан оролцогч 12 минутын турш үнэ хаялцсаны эцэст эцсийн дүн 47.3 сая ам.долларт хүрсэн байна. Худалдан авагчийн нэрийг нууцалжээ.
“Жоди” нь ойролцоогоор гурван метр өндөр бөгөөд хожуу Цэрдийн галавын үед амьдарч байсан махчин үлэг гүрвэлийн араг яс юм.
Урьд нь Тираннозавр батаарын өсвөр бодгаль гэж үздэг байжээ
Уг олдворын хамгийн сонирхолтой тал нь ангилал нь саяхан өөрчлөгдсөн явдал юм.
2023 онд Лондонд болсон Frieze Masters үзэсгэлэнд “Жоди”-г өсвөр насны Тираннозавр батаар гэж танилцуулж байв. Гэвч өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын судлаачид Нанотираннусыг Тираннозавр батаараас тусдаа төрөл болохыг батлах шинэ судалгаа нийтэлснээр уг араг ясыг дахин ангилжээ.
Портсмутийн их сургуулийн палеонтологич Меган Жейкобсын тайлбарласнаар Нанотираннусыг олон арван жилийн турш залуу Тираннозавр батаар гэж үзэж ирсэн байна.
Гэвч Нанотираннус нь илүү жижиг биетэй, нарийхан бүтэцтэй, мах таслахад зохицсон ирмэглэг шүдтэй байснаараа ялгаатай аж.
Судлаачдын үзэж буйгаар Нанотираннус болон Тираннозавр батаар ойролцоогоор 67 сая жилийн өмнө нэг цаг үед амьдарч байжээ.
Гавлын яс нь бараг бүтнээрээ хадгалагдсан
“Жоди” нийт 191 орчим чулуужсан ясны хэсгээс бүрддэг байна.
Sotheby’s-ийн мэдээлснээр түүний гавлын яс маш сайн хадгалагдсан бөгөөд бараг бүтэн байдлаараа онцгой үнэ цэнтэйд тооцогдож байгаа аж.
Шинжлэх ухаанд ийм түвшинд хадгалагдсан Нанотираннусын араг яс ердөө гурав орчим мэдэгдэж байгаа нь уг олдворын үнэ цэнийг улам нэмэгдүүлжээ.
“Жоди”-г АНУ-ын Монтана муж дахь Хелл-Крик геологийн тогтоцоос олсон байна. Малчин Жоди Пирсон өөрийн эзэмшлийн газраас чулуужсан ясыг анх илрүүлж, дараа нь мэргэжлийн малтлагын баг бүрэн гаргаж авчээ.
Мөн 2006 онд түүнээс ойролцоогоор 12 километрийн зайд Нанотираннус болон Трицератопсын чулуужсан үлдэгдэл илэрсэн нь Нанотираннусыг тусдаа төрөл гэдгийг тогтооход чухал ач холбогдолтой баримтын нэг болсон байна.
Өндөр үнэ эрдэмтдийн маргааныг дахин өдөөв
“Жоди”-гийн 47.3 сая ам.долларын худалдаа зөвхөн үнийн рекордоороо бус, шинжлэх ухааны чухал олдворуудыг хувийн цуглуулагчдад худалдах нь зөв эсэх маргааныг дахин сөхжээ.
Эдинбургийн их сургуулийн палеонтологич, Jurassic Park киноны зөвлөхөөр ажиллаж байсан профессор Стив Брюсатти ийм үнэ хүрсэн олдвор хувийн цуглуулгад орсноор эрдэмтэд болон олон нийтэд хүртээмжгүй болж болзошгүйд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Түүний үзэж буйгаар музей, их сургуулиуд олон арван сая ам.долларын үнэтэй чулуужсан олдвор худалдаж авах боломж бараг байдаггүй. Тиймээс ховор олдворууд хувийн эзэмшилд шилжих нь судалгаа болон боловсролын хүртээмжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй аж.
Харин Меган Жейкобс арай өөр байр суурьтай байна. Түүний тайлбарласнаар чулуужсан олдворыг газар дээрээс илрүүлэх, малтах, цэвэрлэх, сэргээн засварлах, хадгалах ажилд асар их хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө ордог тул худалдааг шууд буруутгах боломжгүй аж.
Мөн хувийн цуглуулагчдад очсон олон олдвор эцэстээ музейд тавигдан, олон нийтэд хүрдэг тохиолдол цөөнгүй гэж тэр үзэж байна.
Зөвхөн “Gus”-аас хямд зарагджээ
Энэ оны долоодугаар сард “Gus” нэртэй Тираннозавр батаарын араг яс 50.1 сая ам.доллароор зарагдаж, үлэг гүрвэлийн чулуужсан олдворын дуудлага худалдааны үнийн дээд амжилтыг шинэчилсэн юм.
Харин 2024 оны долоодугаар сард “Apex” нэртэй Стегозаврын араг яс 44.6 сая ам.долларт хүрч байжээ.
Ингэснээр “Жоди” 47.3 сая ам.долларын үнээр “Gus”-ын дараа бичигдэж, одоогоор дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрсэн хоёр дахь үлэг гүрвэлийн олдвор болоод байна.