Япон улсын Айчи-Нагоя хотод аравдугаар сарын 18-24-нд болсон Азийн V пара наадамд Монгол Улсын баг 10 медаль хүртэж, медаль авсан 45 орны дундаас 14 дүгээр байрт шалгарлаа.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаас 44 тамирчин, 18 дасгалжуулагч оролцож, спортын 10 төрөлд хүч сорьсон байна. Тэд таван төрлөөс медаль авч, нийт дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медалийн амжилт үзүүлжээ.
Монголын баг ийнхүү нийт 10 медальтайгаар “Айчи Нагоя 2026” наадмыг өндөрлүүлсэн байна.
Тамирчид 10 өөр байршилд байрласан онцлогтой байв
Энэ жилийн Азийн Пара наадам зохион байгуулалтын хувьд онцлогтой байжээ. Бүх улсын тамирчид нэг нэгдсэн тосгонд байрлаагүй бөгөөд спортын төрлөөс нь хамааруулан өөр өөр зочид буудалд хуваарилсан байна.
Тамирчдын төв тосгонд оролцогч орнуудын багийн штаб, ширээний теннис, тэргэнцэртэй сэлэм болон тэргэнцэртэй сагсан бөмбөгийн тамирчид байрлажээ.
Харин Монголын багийнхан тамирчдын тосгоноос гадна есөн зочид буудалд байрласан бөгөөд нийтдээ 10 өөр цэгээс тэмцээнүүддээ оролцсон байна.
Ийм нөхцөлд багийн удирдлагын хувьд мэдээлэл дамжуулах, унаа тээврийн зохицуулалт хийх, тамирчид болон дасгалжуулагчидтай тогтмол холбоотой ажиллах шаардлага нэмэгдсэн аж.
Монголын багийн штаб байршил бүртэй нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж, унаа захиалах, шаардлагатай мэдээлэл хүргэх, тамирчидтай биечлэн уулзах зэрэг ажлыг наадмын турш зохицуулжээ.
Багийн штаб 14 хоног орчим Нагояд ажиллав
Монголын багийн штабын эхний бүрэлдэхүүн аравдугаар сарын 13-нд Нагоя хотод хүрэлцэн очиж, тэмцээний өмнөх зохион байгуулалт, бэлтгэлийг хангасан байна.
Харин Монголын багийн хамгийн сүүлийн бүрэлдэхүүн аравдугаар сарын 27-нд эх орондоо ирэхээр төлөвлөжээ.
Ингэснээр “Айчи Нагоя 2026” Азийн V пара наадам Монголын багийн хувьд дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль болон медалийн чансааны 14 дүгээр байр гэсэн амжилтаар өндөрлөж байна.