2033 оноос тэтгэврийг 10 жилийн цалингийн дунджаар бодно: Ахмадуудад суурь тэтгэвэр шинээр олгохоор боллоо

Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн хууль батлагдав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн буюу 2026 оны долоодугаар сарын 2-ны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Уг төсөл нь нийгмийн даатгалын тогтолцоо болон тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой томоохон өөрчлөлтүүдийг багтаасан байна.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 85.9 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл эцсийн байдлаар батлагджээ. Ингэснээр ахмад настнуудад суурь тэтгэвэр олгох, тэтгэвэр бодох аргачлалыг өөрчлөх, сайн дурын даатгал болон хувийн тэтгэврийн сангийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн шинэ зохицуулалт хэрэгжихээр болж байна.

Ахмадуудад 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно

Хуулийн онцлох заалтын нэг нь ахмад настнуудад шинээр суурь тэтгэвэр олгох зохицуулалт юм. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 435 мянган ахмад настанд 100,000-300,000 төгрөгийн хэмжээтэй суурь тэтгэвэр олгохоор тусгажээ.

Мөн 2033 оноос эхлэн тэтгэврийг 10 жилийн цалингийн дунджаар тооцохоор болсон байна. Ингэхдээ нэрийн дансны даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ огцом буурахгүй байх зохицуулалтыг хуульд тусгасан гэж мэдээллээ.

Тэтгэврийн наснаас хойш ажиллавал нэмэгдэл авна

Шинэ зохицуулалтаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсний дараа үргэлжлүүлэн ажилласан иргэний сарын тэтгэврийг жил бүр 4 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Харин тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэрт гарсан тохиолдолд мөн 4 хувиар бууруулах заалт тусгагдсан байна.

Үүнээс гадна иргэд сайн дурын үндсэн дээр шимтгэлээ хувийн тэтгэврийн сангуудад төлж, ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах боломж бүрдэхээр болжээ. Энэ нь төрийн тэтгэврийн тогтолцооны зэрэгцээ хувийн хуримтлалд тулгуурласан нэмэлт орлогын эх үүсвэр бий болгох зорилготой аж.

Оюутан, жижиг ажил олгогч, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлнэ

Цагийн ажил хийж буй оюутнуудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөөр хуульд тусгасан байна. Мөн 1-5 ажилтантай ажил олгогчийн хувьд төлөх НДШ-ийг гурваас хүртэлх ажилтанд 36 сарын хугацаанд чөлөөлөх зохицуулалт хэрэгжихээр болжээ.

Давхар ажил эрхэлдэг иргэдийн хувьд өөрөө сонголт хийж, зөвхөн нэг ажлаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжтой болно. Харин албан бус хөдөлмөр эрхлэгч шимтгэл төлж эхэлсэн тохиолдолд 50 хувийн хөнгөлөлт эдлэхээр тусгасан байна.

Ийнхүү нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд иргэдийн тэтгэвэр бодох нөхцөл, шимтгэл төлөх хэлбэр, нэмэлт тэтгэвэр авах боломж болон зарим бүлэгт үзүүлэх хөнгөлөлтийн зохицуулалтыг өөрчлөхөөр боллоо.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу