28 жил дэлхийг явган туулсан Карл Бушби эцэст нь гэртээ иржээ

Британийн аялагч, адал явдал эрэлхийлэгч Карл Бушби дэлхийг бараг 28 жил явган туулсны эцэст төрөлх хотдоо эргэн иржээ. Түүний аялал ширэнгэн ой, мөстсөн тэнгис, олон улсын хил, тив дамнасан нийт 50 мянга орчим километр үргэлжилсэн байна.

Өдгөө 57 настай Бушбиг арваннэгдүгээр сарын 2-нд Английн хойд хэсгийн Халл хот дахь гэрийнх нь гадаа ээж нь угтан авчээ. Түүнийг хотын гудамжаар гэр рүүгээ алхах үед олон зуун хүн замын дагуу зогсон дэмжсэн байна.

1998 онд Чилиэс аяллаа эхлүүлжээ

Карл Бушби 1998 оны арваннэгдүгээр сард Чилийн өмнөд хэсгийн Пунта-Аренас хотоос замд гарсан бөгөөд түүний аялал хожим “Голиатын экспедиц” нэрээр танигдсан юм.

Тэр үед түүнд майхан, хэдхэн зуун ам.доллар болон хямдхан гэрэл зургийн аппарат л байжээ.

Бушбигийн гол зорилго нь ямар ч моторт тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр тасралтгүй аялж, эцэст нь төрөлх Халл хотдоо буцаж хүрэх явдал байв.

Тэр Өмнөд Америкаас хойд зүгт явж, Америк тивийг туулан Аляскад хүрчээ. Дараа нь Берингийн хоолойн хөлдүү мөсөн дээгүүр алхаж Орост орсон байна.

Үүний дараа Монгол, Хятадаар дамжин аяллаа үргэлжлүүлж, Каспийн тэнгисийг сэлж гатлаад Европыг зорьжээ.

Ширэнгэн ой, баривчилгаа, визний асуудалтай тулгарч байв

Аяллын туршид Бушби олон хүндрэлтэй нүүр тулсан байна.

Тэр Колумб, Панамын хооронд орших Дариен Гапын шигүү ширэнгэн ойг туулсан бөгөөд Орост байхдаа баривчлагдаж байсан удаатай.

Үүнээс гадна виз, хил нэвтрэх зөвшөөрөл болон санхүүжилтийн асуудал олон удаа аяллыг нь саатуулжээ.

Өнгөрсөн сард тэр Английн сувгийг сэлж гаталснаар гэртээ буцах замынхаа хамгийн сүүлийн том саадыг давсан байна.

12 жилийн аялал 28 жил үргэлжилжээ

Бушби анх аяллаа ойролцоогоор 12 жилийн дотор дуусгахаар төлөвлөж байжээ.

Гэвч 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр томоохон ивээн тэтгэгчдээ алдсан нь түүний төлөвлөгөөнд хүчтэй нөлөөлсөн байна.

Санхүүжилтийн тасалдал, виз болон хил нэвтрэхтэй холбоотой саад бэрхшээлүүдийн улмаас анхны төлөвлөгөө нь хоёр дахин урт хугацаанд үргэлжилж, эцэстээ 28 жил болсон юм.

“Намайг энд хүргэхийн тулд дэлхий тэр аяараа хэрэг боллоо”

Гэртээ ирснийхээ дараа Карл Бушби аяллынхаа талаар:

“Нэг хүүхдийг хүмүүжүүлэхэд бүхэл бүтэн тосгон хэрэгтэй гэдэг. Харин намайг энд хүргэхийн тулд дэлхий тэр аяараа хэрэг боллоо. Маш олон танихгүй хүний, улс орнуудын хүртэл тус дэм намайг энд хүргэв. Би энэ бүхнийг ганцаараа хийгээгүй. Үүний цаана маш том баг байлаа. Хамгийн том баг буюу дэлхий ертөнц”

гэж хэлжээ.

Түүний 28 жилийн аяллыг харуулсан баримтат кино одоо хийгдэж байгаа аж.

Мөн Бушби ойрын өдрүүдэд Англи даяар аялж, дэлхийг тойрсон урт замынхаа тухай олон нийтэд яриа хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Al Jazeera

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу