57 адуу, 35 сарлаг хулгайлсан хэрэг илэрч, малчдад сэрэмжлүүлэг хүргүүлэв

Намар, өвлийн улиралд малын хулгайн гэмт хэрэг нэмэгдэх эрсдэлтэй байдаг тул цагдаагийн байгууллагаас малчдыг малаа удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй, бүртгэл тэмдэглэгээг нь бүрэн хийхийг анхааруулжээ.

Сүүлийн үед Завхан болон Хөвсгөл аймагт олон тооны мал хулгайлсан хоёр хэрэг илэрсэн байна.

Завхан аймагт гурван иргэн бүлэглэн хоёр азарганд хамаарах нийт 57 адуу хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Харин Хөвсгөл аймагт хоёр иргэн 35 сарлагийн үхэр хулгайлсан хэрэгт холбогдон шалгагдаж байна.

Одоогоор дээрх хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Малыг бэлчээрээс тууж, тээврийн хэрэгслээр зөөдөг байна

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр малын хулгайн гэмт хэрэг үйлдэгчид малыг бэлчээрээс нь тууж, тээврийн хэрэгсэлд ачих, эсвэл шууд бэлчээр дээр нь нядлах аргыг түгээмэл ашигладаг байна.

Мөн хэд хэдэн хүн урьдчилан тохиролцож, бүлэглэн хулгай хийх тохиолдол ч бүртгэгддэг аж.

Малчид малаа хариулгагүй удаан орхих, им, тамга болон бусад таних тэмдэглэгээг дутуу хийх нь хулгайд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж цагдаагийн байгууллага анхааруулжээ.

Малынхаа таних шинжийг зурагжуулж бүртгэхийг зөвлөжээ

Малаа хулгайд алдсан тохиолдолд хурдан эрэн сурвалжлахын тулд им, тамга, зүс, нас, хүйс болон бусад онцлог шинжийг урьдчилан бүртгэж, зурагжуулж хадгалах нь чухал гэж зөвлөсөн байна.

Мөн малыг худалдах, шилжүүлэх, тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ болон холбогдох бичиг баримтыг бүрэн бүрдүүлэх шаардлагатайг сануулжээ.

Сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ажиглагдах, эсвэл мал хулгайлах гэмт хэргийн талаар мэдээлэл авсан тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдэгдэхийг зөвлөсөн байна.

Мал хулгайлбал 12 жил хүртэл хорих ялтай

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд бусдын малыг хулгайлсан тохиолдолд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл хорих ял оногдуулахаар заасан байдаг.

Харин гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай.

Малын хулгайг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, эсвэл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн тохиолдолд 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу