Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын тохиролцооны дагуу хоёр улсын иргэд жолооны үнэмлэхийн онолын шалгалтыг эх хэлээрээ өгөх боломжтой боллоо. Энэхүү үйлчилгээ нь БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Богино хугацааны зорчигч тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоочийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд бодит ажил хэрэг болж буй юм.
БНСУ-ын 27 төвд 1,800 асуултыг монгол хэлээр өгөх боломжтой болов
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын (ЗГХЭГ) дарга Б.Энхбаяр Монгол-Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаанд оролцох үеэрээ БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэд жолооны шалгалтыг эх хэлээрээ өгөх үйлчилгээний нээлтийн ажиллагаанд оролцлоо.
БНСУ-ын жолоодох эрхийн шалгалтын нийт 27 төвд онолын шалгалтын 1,800 асуултыг монгол хэл рүү орчуулан байршуулсан бөгөөд тус үйлчилгээг 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн бүрэн нэвтрүүлээд байна. Иргэд онолын шалгалтыг эх хэлээрээ өгснөөр замын хөдөлгөөний дүрмийн ойлголт сайжрах, шалгалтад тэнцэх боломж нэмэгдэх төдийгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөлд нь бодит дэмжлэг болох юм.
Улаанбаатар хотод солонгос хэлээр шалгалт авна
Хоёр улсын харилцан тохиролцсон зарчмын хүрээнд БНСУ-ын иргэд мөн Монгол Улсын жолооны эрхийн онолын шалгалтыг Улаанбаатар хотод өөрийн төрөлх солонгос хэлээрээ өгөх бүрэн боломж бүрдлээ. Энэхүү шийдвэр нь хоёр талын иргэдийн нийгмийн баталгааг хангах, зорчих эрхийг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой зохицуулалт болж байна.