Япон Фобосын 10 грамм хөрсийг Дэлхийд авчрах түүхэн ажиллагаагаа эхлүүлнэ

Японы сансар судлалын байгууллага Ангараг гарагийн дагуул Фобосоос шууд хөрсний дээж авч, Дэлхийд буцаан хүргэх томоохон төслөө эхлүүлэх гэж байна. Хэрэв ажиллагаа бүх төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжвэл Ангараг гараг болон түүний дагуулуудаас авсан материалыг анх удаа Дэлхийд авчран лабораторид судлах түүхэн боломж нээгдэх юм.

“Ангараг гарагийн дагуулуудыг судлах” нэртэй MMX төсөл Фобос болон Деймосын үүсэл гарал, Ангараг гарагийн эртний түүхтэй ямар холбоотой болохыг тогтоох үндсэн зорилготой.

Төслийн сансрын хөлгийг аравдугаар сарын 20-ны орон нутгийн цагаар 04:41 цагт Японы Танегашима сансрын төвөөс хөөргөхөөр товложээ. Төлөвлөгөө ёсоор хөлөг 2027 оны наймдугаар сард Ангараг гарагийн орчимд хүрч, хоёр дагуулын судалгаагаа эхлүүлэх юм.

Байгалийн түүхийн музейн профессор, MMX төслийн дээжийн шинжилгээ хариуцсан орлогч тэргүүн Сара Расселл:

“Фобост хүрч, тэндээс дээж аваад дэлхийд буцаж ирсэн амжилттай тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгаа. Энэ бол үнэхээр зоригтой бөгөөд сонирхолтой төсөл юм”

гэж онцолжээ.

Нарны аймгийн дотоод хэсэгт ердөө гурван дагуул бий. Үүнд Дэлхийн Сар болон Ангараг гарагийг тойрон эргэдэг Фобос, Деймос хоёр багтдаг.

Фобосын диаметр ойролцоогоор 20 км, Деймосынх 10 км орчим. Тэд Сар шиг бараг бөмбөрцөг бус, хэлбэр нь жигд бус, төмс мэт харагддаг жижиг сансрын биетүүд юм.

Фобос дээр буух ажиллагаа төслийн хамгийн хүнд сорилтуудын нэг

MMX хөлөг Ангараг гарагийн орчимд хүрснийхээ дараа эхлээд Деймосыг ажиглан судалж, дараа нь үндсэн зорилго болох Фобос руу шилжинэ.

Фобосын гадаргуу дээр жижиг өөрөө явагч төхөөрөмж буулгаж, газардах орчныг урьдчилан шинжлэхээр төлөвлөжээ. Гэвч маш жижиг дагуул дээр төхөөрөмж буулгах нь техникийн хувьд онцгой хүнд ажиллагаа болохыг эрдэмтэд анхааруулж байна.

Сара Расселлийн хэлснээр ийм хэмжээний дагуул дээр өмнө нь өөрөө явагч төхөөрөмж буулгаж байгаагүй аж.

Тэр:

“Дагуул өөрөө маш сул таталцлын хүчтэй. Гэвч тэр нь асар том, хүчтэй таталцлын хүч бүхий гарагийн хажууд байрладаг тул гадаргуу дээр нь төхөөрөмж буулгах маш хэцүү”

гэж тайлбарлажээ.

Фобосын сул таталцлын орчинд хэт хурдтай ойртвол төхөөрөмж гадаргуугаас буцаж ойх, эсвэл тогтвортой тогтож чадахгүй байх эрсдэлтэй. Нөгөө талаас Ангараг гарагийн таталцлыг мөн маш нарийн тооцоолох шаардлагатай.

Жижиг төхөөрөмж эхлээд гадаргуугийн нөхцөлийг судалж, үндсэн хөлөг буухад хамгийн тохиромжтой хэсгийг тодорхойлоход тусална.

Үүний дараа MMX өөрөө Фобосын гадаргууд ойртон бууж, робот гар болон тусгай хоёр хэрэгслээр тоос, хөрсний дээж цуглуулах юм.

Дэлхийд авчрах дээжийн хэмжээ ердөө 10 грамм байна. Хэдийгээр маш бага мэт боловч орчин үеийн лабораторийн шинжилгээнд ийм хэмжээ хангалттай гэж төслийн эрдэмтэд үзэж байгаа аж.

Лестерын их сургуулийн доктор Криса Авделлиду:

“Энэ бол үнэхээр маш бага хэмжээ юм. Гэхдээ бид ганц ширхэг тоосонцор дээр ч хэд хэдэн төрлийн судалгаа хийх боломжтой. Шинжлэх ухааны судалгаа хийхийн тулд гадаргуугаас олон килограмм дээж авчрах шаардлагагүй шүү дээ. Тиймээс энэ нь грамм тутамдаа асар үнэ цэнтэй”

гэж ярьжээ.

Цуглуулсан материалыг тусгай капсулд хадгалж, 2031 онд Дэлхийд буцаан авчрахаар төлөвлөсөн байна. Капсул Австралийн өмнөд хэсэгт орших Вумерагийн цөлд газардах ёстой.

10 грамм хөрс Фобосын гарал үүслийн маргааныг шийдэж магадгүй

Эрдэмтэд Фобос болон Деймос хэрхэн бий болсон талаар өнөөг хүртэл нэгдсэн хариултгүй байна. Одоогоор үндсэн хоёр таамаглал өрсөлддөг.

Эхний таамаглалаар Ангараг гарагийн эрт үед томоохон сансрын биет мөргөж, сансарт асар их хэмжээний чулуу, тоос шороо цацагдсан байж болох юм. Тэр хэлтэрхийнүүд дараа нь нийлж Фобос, Деймосыг үүсгэсэн байх боломжтой.

Хоёр дахь хувилбараар эдгээр хоёр дагуул анх Ангарагаас огт хамааралгүй астероидууд байсан бөгөөд Нарны аймгийн өөр бүсээс ирэхдээ Улаан гарагийн таталцлын хүчинд баригдан тойрог замд нь үлдсэн байж болох юм.

Фобосоос шууд авсан хөрсний химийн болон эрдсийн найрлага энэ хоёр хувилбарын аль нь бодит байдалд ойр болохыг харуулах боломжтой.

Сара Расселл:

“Бид дээжээ авчирсныхаа дараа түүний химийн болон эрдсийн найрлагыг нарийвчлан судлах боломжтой болно. Энэ хоёр таамаглал нь тус тусдаа эрс ялгаатай үр дүнг харуулах болно”

гэжээ.

Тэр мөн:

“Энэ нь хүчтэй мөргөлдөөний үр дүнд үүссэн үү, эсвэл таталцлын хүчинд баригдсан астероид уу гэдэг нь бараг тэр дороо л тодорхой болно. Тиймээс бид үүнийг маш хурдан мэдэж авах болно”

хэмээн тайлбарласан байна.

Гэхдээ MMX зөвхөн Фобосын өөрийнх нь гарал үүслийг судлаад зогсохгүй Ангараг гарагаас үүсэлтэй материал олж авах боломж ч бий.

Фобос Ангараг гарагтай харьцангуй ойр тойрон эргэдэг. Ангарагийн гадаргуу дээр астероид эсвэл өөр том сансрын биет мөргөхөд чулуулгийн жижиг хэлтэрхийнүүд сансарт цацагдан, тэдгээрийн зарим нь Фобос дээр унасан байх боломжтой.

Сара Расселл:

“Хамгийн сонирхолтой зүйлсийн нэг бол Фобос нь Ангараг гарагийн гадаргуутай маш ойрхон байрладаг явдал юм. Тиймээс Ангараг гараг дээр ямар нэгэн биет мөргөх үед үүссэн жижиг хэлтэрхийнүүд Фобост шигдэж орох боломжтой. Энэ нь бидний авчрах дээжид Ангараг гарагаас гаралтай жижиг хэсгүүд ч бас агуулагдаж байж болзошгүй гэсэн үг юм”

гэж тайлбарлажээ.

Хэрэв ийм хэлтэрхий олдвол судлаачид Фобосын хөрстэй хамт Ангараг гарагийн материалыг ч Дэлхий дээр судлах боломжтой болно.

Ангарагаас шууд дээж авчрах нь сансар судлалын салбарын олон жилийн том зорилтын нэг байсаар ирсэн.

2021 оноос хойш Ангараг дээр ажиллаж буй АНУ-ын Perseverance өөрөө явагч төхөөрөмж тус гарагийн гадаргуугаас олон дээж авч, тусгай саванд хадгалсан. Гэвч тэдгээр материалыг Дэлхийд авчрах АНУ, Европын хамтарсан төсөл санхүүжилтийн хүндрэлтэй тулгарсан байна.

Хятад улс ч Ангарагаас материал авчрах бие даасан төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2028 онд ажиллагаагаа эхлүүлж, 2031 онд дээжээ Дэлхийд хүргэх зорилт тавьжээ.

Эрдэмтдэд өнөөдөр Ангарагаас гаралтай гэж тогтоосон зарим солир бий. Эдгээр нь Ангарагийн гадаргууд хүчтэй мөргөлдөөн болох үед тасарч, сансарт шидэгдэн, олон жилийн дараа Дэлхийд унасан чулуулгууд юм.

Гэхдээ Ангарагийн солир маш ховор. Түүнчлэн Дэлхийн гадаргууд ирсний дараа агаар, ус, хөрс, тоос шороотой харилцан үйлчилж, анхны төлөв нь тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг.

Тиймээс Фобосоос шууд битүү саванд авчрах 10 грамм материал эрдэмтдийн хувьд асар өндөр үнэ цэнтэй. Дэлхийн орчноор бохирдоогүй ийм дээж нь Ангараг гарагийн систем хэдэн тэрбум жилийн өмнө хэрхэн бүрэлдсэнийг тайлбарлах шинэ баримт болж магадгүй юм.

Хэрэв MMX 2031 онд дээжийн капсулаа амжилттай Дэлхийд буцаан авчирвал сансар судлалд шинэ түүх бичигдэж, Фобос болон Деймосын гарал үүслийн талаар олон жил үргэлжилсэн маргаанд бодит хариулт өгөх боломж бүрдэх юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу