356 грамм жинтэй дутуу нярайд зүрхний мэс засал амжилттай хийж, амийг нь аварчээ

Японы эмч нар ердөө 356 грамм жинтэй төрсөн дутуу нярайд зүрх судасны нарийн төвөгтэй мэс засал амжилттай хийж, хүүхэд эдгэрэн тэнхэрсэн талаар Шизүока мужийн Хүүхдийн эмнэлэг мэдээлжээ.

Охин өнгөрсөн оны аравдугаар сард жирэмсний 25 дахь долоо хоногт яаралтай кесар хагалгаагаар төрсөн байна. Төрөх үедээ ердөө 356 грамм жинтэй байсан бөгөөд гол судасны нарийсалтай гэж оношлогджээ.

Эмч нар нярайг 19 хоногтой байхад нь катетераар дамжуулан гол судсыг тэлэх зориулалттай стент суулгасан байна. Тус эмнэлгийн мэдээлснээр ийм бага жинтэй нярайд гол судас тэлэх стент тавьсан тохиолдол өмнө нь байгаагүй аж.

Мэс заслын дараа хүүхдийн биеийн байдал аажмаар тогтворжиж, таван сартай болоход жин нь 2.3 килограмм хүрчээ. Энэ үед эмч нар стентийг дахин тэлэх хоёр дахь мэс засал хийсэн бөгөөд уг ажиллагаа мөн амжилттай болсон байна.

Охин долоон сартайдаа эмнэлгээс гарч, гэртээ харих боломжтой болжээ. Харин 11 сартай болоход нь дахин нэг мэс засал хийж, цаашдын өсөлт хөгжил нь хэвийн үргэлжлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Шизүокагийн Хүүхдийн эмнэлгийн Зүрх судасны тасгийн эрхлэгч Шибүяа Аканэ:

“Ийм бяцхан нярайг ч аврах боломжтой нь батлагдсан тул энэ тохиолдол ижил төстэй өвчнөөр шаналж буй хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэнд том найдвар авчирлаа”

гэж хэлжээ.

Энэ тохиолдол нь маш бага жинтэй, дутуу төрсөн нярайд ч өндөр нарийвчлал шаардсан зүрх судасны эмчилгээ хийх боломж байгааг харуулсан онцгой жишээ болж байна.

Мөн нярай хүүхдийн зүрх судасны эмчилгээ, катетерийн мэс заслын технологи ахиж буйг харуулж байгаа ч ийм төрлийн эмчилгээ бүр хүүхдийн биеийн байдал, онош, жин болон бусад эрсдэлээс хамааран өөр өөр шийдэгддэг юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу