Монголын багууд Варшавт өрсөлдөнө
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургаадугаар сарын 2-нд Польшийн Варшав хотод эхэлнэ.
Долоо хоног үргэлжлэх энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр дэлхийн шилдэг 20 баг өрсөлдөх юм. Монголын шигшээ баг өчигдөр Польшийн Варшав хотыг зорьжээ.
Манай улсын эрэгтэй болон эмэгтэй багууд чансааны аравдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд хоёулаа “В” хэсэгт багтсан байна. Варшав хот Улаанбаатараас зургаан цагийн зөрүүтэй тул тоглолтууд Монголын цагаар шөнийн цагаар болох юм.
2026 оны 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ийг “Премьер Спортс Нэтворк” телевиз шууд дамжуулахаар болжээ.
Эрэгтэй багийн бүрэлдэхүүн шинэчлэгджээ
Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Сугар-Очир, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нар багтсан байна. Өөрөөр хэлбэл, үндсэн бүрэлдэхүүний 75 хувь нь шинэчлэгдсэн гэсэн үг юм.
Манай эрэгтэй баг “В” хэсэгт Чех, Польш, АНУ, Латвийн багуудтай таарчээ. Монголын баг өнгөрсөн жил эх орондоо болсон тэмцээнд Латви болон АНУ-ын багуудтай тоглож, хожигдож байсан. Харин энэ удаа Варшавын талбайд даагаа нэхэх боломж бүрдэж байна.
Эрэгтэй багийн хэсгийн тоглолтын хуваарь
Зургаадугаар сарын 2
- 23:55 цагт: Чех-Монгол
Зургаадугаар сарын 3
- 01:45 цагт: Монгол-Польш
Зургаадугаар сарын 5
- 01:20 цагт: Монгол-АНУ
- 03:10 цагт: Латви-Монгол
Эмэгтэй баг “үхлийн хэсэг”-т багтлаа
Монголын эмэгтэй шигшээ баг мөн чансааны аравдугаар байрт бичигдэж, “В” хэсэгт орсон байна. Энэ хэсэгт Австрали, Испани, АНУ, Унгарын багууд багтаж байгаа нь тун хүчтэй өрсөлдөөн болохыг харуулж байна.
Манай эмэгтэй шигшээ өнгөрсөн жил эх орондоо болсон ДАШТ-ий хэсгийн шатанд Испанид хожигдсон ч шөвгийн наймд АНУ-ын багийг буулган авч байсан билээ. Тиймээс энэ удаагийн тоглолтууд өнгөрсөн жилийн өрсөлдөөнийг дахин сануулах өндөр хүлээлттэй байна.
Энэ удаагийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, О.Хулан, Э.Нарангоо, Б.Болор-Эрдэнэ нар багтжээ. Анхны мэдүүлэгт Н.Нандинхүсэлийн нэр багтсан байсан ч тодорхой шалтгааны улмаас тэрбээр ДАШТ-д оролцох боломжгүй болж, түүний оронд Э.Нарангоо багтсан байна.
О.Хуланг дэлхийн онцлох таван тоглогчийн нэгээр нэрлэжээ
ДАШТ эхлэх дөхсөн энэ өдрүүдэд @3x3newsletter.com сайтаас эмэгтэйчүүдийн ангиллын онцлох таван тоглогчийг нэрлэсний нэг нь Монголын шигшээ багийн тамирчин О.Хулан байв.
Тус сайт түүний талаар “Хулан бол жинхэнэ дэлхийн хэмжээний од бөгөөд Монголын 3×3 сагсан бөмбөгийн бэлгэ тэмдэг болсон тамирчин. Тэр холын зайн шидэлт болон самбар доорх хүчтэй тоглолтыг хослуулсан универсал тоглогч юм. Түүний амжилтууд Монголд, ялангуяа охидын дунд 3×3 сагсан бөмбөгийн жинхэнэ тэсрэлт авчирсан. Манай хайртай спорт энэ улсад үндэсний спорт болсон гэхэд хилсдэхгүй. Итгэхгүй байна уу? Тэгвэл Токиогийн олимпын нээлтийн ажиллагаанд Монголын шигшээ багийн төрийн далбааг барих эрхтэй болсон анхны эмэгтэй тамирчин нь тэр байсныг бодоод үзээрэй. Түүний баг Дэлхийн аваргын хамгийн хүнд хэсэгт тоглох гэж байна. Тэд маш эрт мултарч ч мэднэ, эсвэл бүр эцсээ хүртэл явж ч болох юм” гэжээ.
Эмэгтэй багийн хэсгийн тоглолтын хуваарь
Зургаадугаар сарын 3
- 00:30 цагт: Монгол-Австрали
- 02:20 цагт: Монгол-Испани
Зургаадугаар сарын 5
- 00:30 цагт: АНУ-Монгол
- 02:45 цагт: Унгар-Монгол
Монголын 3х3 багуудад том сорилт эхэлж байна
Энэ удаагийн ДАШТ Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудын хувьд чансаа, туршлага, шинэ бүрэлдэхүүн, өмнөх өрсөлдөгчидтэй хийх хариу тоглолт гээд олон талаараа онцгой ач холбогдолтой тэмцээн болох нь.
Эрэгтэй баг шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээрээ дэлхийн хүчтэй багуудтай өрсөлдөх бол эмэгтэй баг өнгөрсөн жилийн өндөр амжилтаа бататгах зорилготой Варшавын талбайд гарна.