4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 8.26 кг алтыг хилээр нууцаар гаргахыг завджээ

Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор их хэмжээний алт улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан байж болзошгүй үйлдлийг холбогдох байгууллагууд илрүүлжээ.

Аравдугаар сарын 17-нд БНХАУ руу зорчиж байсан Монгол Улсын иргэн Г, Б нар тээврийн хэрэгслийнхээ эд ангид нийт 8 кг 260 грамм алт нуусан байсныг Хилийн тагнуулын алба болон Замын-Үүд дэх Гаалийн газрын алба хаагчид хамтран илрүүлсэн байна.

Урьдчилсан үнэлгээгээр хураан авсан алтны нийт үнэ ойролцоогоор дөрвөн тэрбум төгрөгт хүрч байгаа аж.

Их хэмжээний үнэт металлыг гаалийн хяналтаас нуун, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байж болзошгүй уг үйлдэлтэй холбоотойгоор гаалийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ.

Хэргийг одоо тагнуулын байгууллага үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа бөгөөд холбогдогчдын гэм буруутай эсэхийг хуулийн байгууллагын эцсийн шийдвэрээр тогтооно.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу