7 давхрын тагтан дээр хүүхэд ганцаараа явжээ: нэг хормын хайхрамжгүй байдал амь насанд хүрч болзошгүй

Өчигдөр орой 21:00 цагийн үед “Мөнх хотхон”-ы 7 давхрын тагтан дээр бага насны хүүхэд унах эрсдэлтэй байдалд орсон тухай сэрэмжлүүлэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ.

Наадмын өдрүүдэд хүүхдийн ослын дуудлага нэмэгддэг

Баяр наадмын амралтын үеэр бага насны хүүхэдтэй холбоотой осол, гэмтлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс ГССҮТ-өөс наадмын өмнө хэвлэлийн бага хурал хийж, эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулсан юм.

Үүнтэй холбоотойгоор нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа бага насны хүүхэд өндөр давхрын тагтан дээр ганцаараа байсан талаар сэрэмжлүүлэг болгон бичжээ.

Хүүхэд 23 минут орчим тагтан дээр байсан гэжээ

Иргэний мэдээлснээр, 2026 оны долдугаар сарын 13-ны 21:00 цагийн үед “Мөнх хотхон”-ы 7 давхарт бага насны хүүхэд тагтан дээр маш аюултай байдалтай байжээ.

Тэрээр хүүхдийг анх харснаас хойш ойролцоогоор 23 минутын турш тагтан дээр ганцаараа нааш цааш явж, унах шахсан мэт хөдөлгөөн хийж байсан гэж бичсэн байна.

Гадаа байсан хүмүүс хүүхдэд “ор, буу” гэж хашхирсан ч нэмэр болоогүй тул олон хүн цугларч, тусламж үзүүлэх арга хайжээ.

Айлуудын хаалга тогшсоны дараа ээж нь гарч ирсэн байна

Мэдээлэл нийтэлсэн иргэн 7 давхрын айлуудын хаалгыг тогшсоор эцэст нь хүүхдийн ээж гэх хүн гарч ирсэн гэжээ.

Тухайн ээж “Бага хүүхэд нь уйлаад байсан болохоор том хүүхдээ хараагүй орхисон байсан, ээж тагтаа хаасан гэж бодсон” хэмээн хэлсэн байна.

Иргэний хувьд энэ явдлыг хараад ихэд айж, сэтгэл өвдсөн гэдгээ илэрхийлжээ.

Эцэг эхчүүдэд дахин анхаарууллаа

Бага насны хүүхдийг өндөр давхрын цонх, тагт, шат, цахилгаан шатны орчимд ганцааранг нь орхих нь амь насанд ноцтой эрсдэлтэй. Ялангуяа амралт, баярын өдрүүдэд гэр бүлийнхэн завгүй байх, олон ажил давхцах үед хүүхдийн аюулгүй байдалд тавих анхаарал сулрах эрсдэл нэмэгддэг.

Иргэн сэрэмжлүүлэгтээ “Ийм хайхрамжгүй үйлдлээс болж хүүхдийн амь нас эрсдэх аюултай. Энэ явдлыг хараад үнэхээр айж, сэтгэл өвдлөө. Эцэг эхчүүд хүүхдүүддээ илүү анхаарал тавиарай. Нэгхэн хоромын хайхрамжгүй байдал нөхөж баршгүй гарз дагуулж болзошгүй. Мөн тухайн үед хүүхдэд туслахад хамтран оролцсон хүмүүст баярлалаа” гэжээ.

Энэ тохиолдол нь бага насны хүүхдийн аюулгүй байдалд анхаарах шаардлагыг дахин сануулсан ноцтой сэрэмжлүүлэг болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу