2025 оны тавдугаар сарын 19-ний өдөр Ховд аймагт баригдаж буй 40 айлын орон сууцны барилгын талбайд хүнд осол гарч, дөрвөн ажилтан газар дээрээ амиа алдаж, долоон хүн ноцтой гэмтэл авсан харамсалтай хэрэг гарлаа.
Тус барилгыг барьж байсан “Чандмань-Уушир” ХХК-ийн помедын тросс тасарснаас үүдэн нийт 11 хүн өндрөөс унасан бөгөөд осол болсны дараа Улаанбаатар хотоос гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нар шуурхай илгээгдсэн байна.
Яамны урьдчилсан тайлбар
Хот байгуулалт, барилга, орон сууцны яамнаас ослын талаар хийсэн мэдэгдэлдээ:
“Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниуд аюулгүй ажиллагааны стандарт зөрчиж ажиллаж байгаа нь ийнхүү осол, эрсдэл дагуулах гол шалтгаан болж байна” хэмээн онцолжээ.
Одоогийн байдлаар холбогдох хяналтын болон мэргэжлийн байгууллагууд ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор шалгалт эхлүүлсэн бөгөөд компанид хуулийн дагуу хариуцлага тооцох эсэхийг нягталж буйг албаныхан мэдээлсэн байна.