Японы Хирошима мужид төмөр замын өртөөний дарга, орлогчийн үүрэг гүйцэтгэдэг ах дүү хоёр муурт энэ удаа бас нэгэн шинэ албан үүрэг оноожээ. Ямато болон Чидори нэртэй муурнуудыг орон нутгийн төмөр замын чиглэл, аялал жуулчлалыг сурталчлах элчээр томилсон байна.
Тэдний томилгооны ёслол 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний ням гарагт Шивагүчи өртөөний гадна болж, жуулчид болон нутгийн 100 орчим оршин суугч хүрэлцэн иржээ.
Томилгооны ёслол дээрээ нуугджээ
Өртөөний дарга Ямато болон түүний орлогч Чидори олон хүн цугласныг хараад биеэ барьсан уу, эсвэл ичсэн үү, ёслолын үеэр шууд нуугдсан байна.
Ингэснээр тэдний өмнөөс муурын чихтэй тууз зүүсэн хоёр ажилтан тайзан дээр гарч, аялал жуулчлалын элчийн томилгооны бичгийг хүлээн авчээ.
Энэ дүр зураг ёслолд оролцсон хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан байна.
Ах дүү хоёрын зан ааш эрс ялгаатай
Ямато нь сахилгагүй, сониуч зантай бол дүү Чидори нь эсрэгээрээ дөлгөөн, ичимхий ааштай гэнэ.
Хирошима мужийн аялал жуулчлалын холбооны мэдээлснээр тус мужийг хайрлаж, сурталчлах хүсэлтэй хүн аялал жуулчлалын элч болох боломжтой байдаг. Харин амьтан ийм үүрэг хүлээж буй нь анхны тохиолдол болсон байна.
Муурнуудын амьдардаг газрын захирал Накахара Хидэки тэднийг аялал жуулчлалын элч болгохыг удаан хугацаанд хүсэж ирсэн бөгөөд энэ мөрөөдөл нь биелсэнд баяртай байгаагаа илэрхийлжээ.
Хирошимагийн шинэ сурталчилгааны дүр болно
Өртөөний дарга, орлогч гэсэн содон албан тушаалаараа аль хэдийн олны сонирхлыг татдаг байсан Ямато, Чидори нар цаашид орон нутгийн төмөр зам болон Хирошимагийн аялал жуулчлалыг сурталчлахад оролцоно.
Харин хамгийн сонирхолтой нь жуулчдыг татах үүрэгтэй болсон хоёр муур өөрсдөө олон хүн харахаараа нуугддаг хэвээр байгаа явдал юм.
Ийнхүү ичимхий зангаараа олны хайр татсан ах дүү хоёр Хирошимагийн аялал жуулчлалын шинэ бэлгэ тэмдгүүдийн нэг болж байна.
Эх сурвалж: NHK