Монголын 21 аймаг, Улаанбаатарт 8.9 сая ам.долларын агаарын чанарын станц суурилуулжээ

Монгол Улсын 21 аймаг болон Улаанбаатар хотод агаарын чанарыг хянах автомат станцуудыг бүрэн суурилуулж дуусжээ.

Эдгээр станцыг хэвийн, тасралтгүй ажиллуулах, хэмжилтийн мэдээллийн чанар, найдвартай байдлыг сайжруулах зорилгоор салбарын инженер, технологичдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна.

БНСУ-ын Байгаль орчны корпораци арваннэгдүгээр сарын 3-4-нд Улаанбаатар хотод агаарын чанарын хяналт шинжилгээ болон мэдээллийн чанарт чиглэсэн сургалт явуулж байгаа аж.

Сургалтад төв болон орон нутгийн байгаль орчны шинжилгээний лабораториудын инженер, технологичид хамрагдаж байна.

Төслийг 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлжээ

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам БНСУ-ын Байгаль орчны яам болон Байгаль орчны корпорацитай хамтран 2023-2026 онд “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийг хэрэгжүүлжээ.

Төслийн нийт санхүүжилт 8.9 сая ам.доллар бөгөөд БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн байна.

Уг ажлын хүрээнд нийслэл болон 21 аймгийн төвд агаарын чанарын автомат хяналтын станцуудыг бүрэн суурилуулжээ.

Мэргэжилтнүүдэд засвар, тохируулгын сургалт өгч байна

Одоогийн сургалтаар станцуудын ашиглалтын явцад түгээмэл гардаг алдааг илрүүлэх, засварлах, тоног төхөөрөмжийн тохируулга хийх аргачлал зааж байгаа юм.

Мөн агаарын чанарын мэдээлэл боловсруулах MAMIS программ хангамжийг ашиглахтай холбоотой онол, практикийн мэдлэг олгож байна.

Ингэснээр шинээр суурилуулсан автомат станцуудын ашиглалтыг тогтвортой байлгахын зэрэгцээ орон нутаг бүрээс цуглуулах агаарын чанарын мэдээллийн нарийвчлал, чанарыг сайжруулах зорилготой аж.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу