Калифорнийн номын санд баавгай “зочилж”, ажилтнуудын зуушийг олж идээд явжээ

АНУ-ын Калифорни мужийн Маммот-Лейкс хотод нэгэн хар баавгай номын санд орж, ажилтнуудын хадгалсан зуушийг олж идсэн ер бусын явдал гарчээ.

Баавгай өглөөний 06:00 цагийн орчимд буюу номын сан үйлчлүүлэгчдэд хаалгаа нээхээс хэдэн цагийн өмнө барилга дотор орсон байна. Түүний номын сангаар явж буй мөчүүд хяналтын камерт бичигджээ.

Сонирхолтой нь баавгай дотор байсан ном, тавилга болон бусад эд зүйлд ямар нэгэн мэдэгдэхүйц хохирол учруулаагүй бөгөөд голчлон хоол хүнс хайсан бололтой. Улмаар ажилтнуудын зууш хадгалдаг хэсгийг олж, тэнд байсан хүнснээс идсэн байна.

Гэхдээ тухайн үед номын сангийн хаалганууд түгжээтэй байсан тул зэрлэг амьтан барилга руу яг ямар замаар нэвтэрсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Моно тойргийн нийтийн номын сангуудын захирал Joseph Bopp ийм тохиолдол нь зэрлэг амьтдаас хамгаалах дүрэм, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол мөрдөх шаардлагатайг сануулж байгааг онцолжээ.

Түүний хэлснээр энэ нь зөвхөн номын сангийн ажилтан, үйлчлүүлэгчдийг хамгаалах асуудал биш бөгөөд зэрлэг амьтдыг хүнтэй аюултай нөхцөлд ойртохоос сэргийлэхэд ч чухал юм.

Ийнхүү номын санд гэнэтийн “зочин” орж ирсэн ч хүн гэмтээгүй, ном болон бусад эд зүйл сүйдээгүй бөгөөд баавгайн хамгийн том олз нь ажилтнуудын зууш болжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу