Бүжгийн спортын “STAR GIRLS” хамтлаг Испанийн Гвадалахара хотод болох “WORLD’S CHOREOGRAPHY DANCE SPORT CHAMPIONSHIP” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ.
Арваннэгдүгээр сарын 28, 29-нд зохион байгуулагдах тус тэмцээний өсвөр насны хамтлагийн төрөлд тэд Монгол Улсын нэрийн өмнөөс өрсөлдөнө.
Анхны оролцоогоороо дэлхийн аварга болж байв
“STAR GIRLS” 2025 онд Португалд болсон хореографын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа хүч сорьсон юм. Тухайн үед дэлхийн шилдэг есөн багтай өрсөлдөж, алтан медаль хүртжээ.
Хамтлагийн сүүлийн хоёр жилийн амжилтаас дурдвал:
- 2025 он: Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний дэд аварга
- 2025 он: Монгол Улсын аварга
- 2025 он: Хореографын дэлхийн аварга
- 2026 он: Монгол Улсын аварга баг
Урлаг, спортыг нэгтгэдэг бүжгийн спортод техникийн нарийн гүйцэтгэл, уран сайхны илэрхийлэл чухал байр суурь эзэлдэг. Тамирчдаас өндөр ур чадвар, олон сарын тасралтгүй бэлтгэл шаарддаг энэ төрөлд “STAR GIRLS” дахин олон улсын тайзнаа гарах гэж байна.