АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэргэжлийн бейсболын лигийн (MLB) томоохон төлөөлөгчдийн нэг Пете Рөүзд өршөөл үзүүлснээ өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
Рөүз 1989 онд “Цинциннати Редс” багийн дасгалжуулагчаар ажиллаж байхдаа лигийн тэмцээнүүдэд бооцоо тавьсан хэргээр бэйсболтой холбоотой ажил хөдөлмөр эрхлэх эрхээ бүрэн хасуулж байсан.
Лигийн комиссар Роб Манфред 2025 оны тавдугаар сард Рөүзийн нэрийг алдрын танхимд нэр дэвших эрхгүй хүмүүсийн жагсаалтаас хассан. Ийм өөрчлөлт хийхэд ерөнхийлөгч Трамп нөлөөлснийг Манфред хүлээн зөвшөөрсөн юм.
Ингэснээр Рөүз алдрын танхимд сонгогдох боломж 2027 оны арванхоёрдугаар сард нээгдэхээр байна. Түүнийг алдрын танхимд мөнхжүүлэхийн тулд ахмад тоглогчдын хорооны 16 гишүүний 12 нь дэмжсэн санал өгөх шаардлагатай.
Пете Рөүз 1963 онд лигийн шилдэг шинэ тоглогчоор шалгарснаас эхлээд 1986 онд зодог тайлах хүртлээ 17 удаа бүх оддын бүрэлдэхүүнд сонгогдож байв. Тэрбээр 1973 оны улирлын үнэ цэнтэй тоглогч, 1975 оны шигшээ цувралын үнэ цэнтэй тоглогчоор тодорч байсан.
Тэрбээр 2024 онд 83 насандаа өөд болсон.
1990 онд Рөүз татварын хуурамч тайлан гаргасан гэмт хэрэгт буруутгагдан, гэм буруугаа хүлээсэн. Тэрбээр дөрвөн жилийн хугацаанд 354,968 ам.долларын орлогоо тайлагнаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Үүний улмаас таван сар хорих ял эдэлж, 50,000 ам.долларын торгууль төлсөн төдийгүй биеийн тамирын багшийн туслахаар 1,000 цаг нийгэмд тустай хөдөлмөр эрхэлжээ.