Хиймэл оюун хүн, машины ялгааны тухай ойлголтыг өөрчилж буй энэ үед Cambridge Dictionary 2026 оны онцлох үгээр “human” буюу “хүн”, “хүний шинж чанартай” гэсэн утгатай үгийг сонгожээ.
Тус толь бичиг уг үгийг бурхан, амьтан, машинаас ялгаатайгаар хүмүүст байдаг чанар, алдаа дутагдал, мэдрэмжийг агуулсан хэмээн тайлбарладаг байна.
Хүн байх тухай яриа өөрчлөгдөж байна
Cambridge Dictionary-ийн редактор Colin McIntosh хиймэл оюун нь хүн байх тухай бидний ярих арга хэлбэрийг өөрчилж байгааг онцолжээ. Хүмүүс өөрсдийн бүтээлийг дэвшилтэт компьютерын системийн хийсэн ажлаас ялгахын тулд “human” гэдэг үгийг улам ашиглах болсон байна.
Технологи хөгжихийн хэрээр юуг хүний шинж чанар гэж үзэх тухай маргаан ч хурцдаж байгаа юм. Компьютер ухамсартай болж чадах эсэхийг зарим судлаач, олны танил хүн хэлэлцэх болжээ.
Эволюцийн биологич Richard Dawkins ийм боломжийг дэмжсэн хүмүүсийн нэг бөгөөд эдгээр системийг хүн мэтээр мэдрэх хүчтэй сэтгэгдэл төрдөг тухай ярьсан байна. Харин эргэлзэгчид хүний тархины хөгжил, хиймэл оюуны системийг бүтээх үйл явц үндсээрээ ялгаатайг сануулдаг аж.
Кембрижийн их сургуулийн хиймэл оюуны засаглал, хүний эрхийн мэргэжилтэн Rachel Adams технологийн хөгжил эртний асуултуудыг дахин хөндөж байгааг тэмдэглэжээ. Бид хэн бэ, хүн байна гэдэг юу гэсэн үг вэ гэсэн асуултын хариулт хэзээ ч тогтмол байгаагүй ч түүнийг асуух үйлдэл нь хүмүүсийн нийтлэг чанар гэж тэр тайлбарласан байна.
Цахим соёлын шинэ хэллэгүүд нэмэгджээ
Cambridge Dictionary мөн интернэт орчны хэрэглээг илэрхийлсэн шинэ үгсийг бүртгэсэн байна.
“Looksmaxxing” нь гадаад төрхөө аль болох дур булаам болгохыг эрмэлзэх гэсэн утгатай бөгөөд эрэгтэйчүүдэд чиглэсэн “manosphere” цахим орчинтой холбогдон яригддаг аж.
Харин “aura farming” гэдэг нь бусдад биширмээр, сэтгэл татам, сонирхолтой хүн мэт харагдах төрх, зан байдлыг зориуд бүрдүүлэхийг илэрхийлдэг байна.