АНУ-ын Цинциннати хотын амьтны хүрээлэнгийн алдартай усны үхэр Фиона зочны ноосон малгай залгисны улмаас нас эцэслэснийг тус хүрээлэнгийн захиргаа Пүрэв гарагт мэдэгдэв.
Есөн настай Фиона өнгөрсөн долоо хоногт амьтны хүрээлэнд ирсэн зочны сүлжмэл малгайг залгисны дараа хоолны дуршлаа алдаж эхэлсэн. Эмч нар малгайг гаргах гэж хэд хэдэн удаа оролдсон ч амжилтгүй болжээ.
“Фионад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр олон удаа оролдсон ч тэр амьд үлдээгүй” гэж амьтны хүрээлэнгийн захиргаа сошиал хуудсаараа мэдэгдсэн.
Өнгөрсөн хэдэн өдөр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс түүний биеийн байдалд санаа зовж байв. Сошиал сүлжээний нэгэн хэрэглэгч “Би хэзээ ч усны үхрийг баагаасай гэж ийм их залбирч үзээгүй юм байна” хэмээн бичжээ.
Зарим хүмүүс малгайн эзэн хүүхдийн эцэг эхийг буруутгаж байв. Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр тухайн хүүхэд малгайгаа агаарт шидэхэд тэр нь таазанд байсан сэнсэнд тээглэж, цааш шидэгдэхдээ усны үхрийн хашаан дотор унасан байна.
Амьтны хүрээлэнгийнхэн Фионаг аврахын тулд янз бүрийн арга хэрэглэсний нэг нь орон нутгийн адууны фермээс зээлж авсан “чичиргээт тавцан” байв. Энэ нь түүний хоол боловсруулалтыг идэвхжүүлж, гаднын биетийг гадагшлуулахад туслах зорилготой байжээ. Малын эмч нар түүнд кофе үнэрлүүлж хүртэл үзсэн байна.
Амьтны хүрээлэнгийн эрүүл мэндийн албаны дарга Майк Веннингерийн хэлснээр Фионаг 24 цагийн турш хяналтад байлгаж, бургуй тавих, өвчин намдаах болон дотор муухайралтын эсрэг эм өгөх зэрэг эмчилгээ хийсэн. Фиона нас бие гүйцсэн амьтан тул мэс засал хийх боломжгүй байсан бөгөөд түүнийг тайвшруулах эмээр унтуулсны дараа шулуун гэдсээр нь 2.74 метрийн урттай дуран оруулж, малгайг гаргаж авах гэж оролдсон ч амжилтгүй болжээ.
Фиона 2017 оны нэгдүгээр сард төрсөн бөгөөд Цинциннатийн амьтны хүрээлэнд сүүлийн 75 жилийн хугацаанд төрсөн анхны Нил мөрний усны үхэр юм. Тэрбээр дутуу төрсөн тул эхлээд хөл дээрээ зогсож, эхээ хөхөж чадахгүй байсан ч удалгүй хурдан тэнхэрч байжээ.
Фиона болон түүний 2022 онд төрсөн дүү Фриц нар тарвас идэж, тилапиа загасаар дүүрэн усан сан дотор сэлж буйг харуулсан дүрс бичлэгүүдээрээ дэлхий даяар алдаршаад байсан юм.
1875 онд нээгдсэн Цинциннатийн амьтны хүрээлэн нь АНУ-ын хоёр дахь хамгийн хуучны амьтны хүрээлэн ажээ.
Эх сурвалж: AFP