«Physical: Asia» шинэ улирлаар эргэн ирнэ: Монголын баг дахин оролцох уу?

Шинэ улирлыг 2027 онд үзэгчдэд хүргэнэ

Netflix платформ 2025 онд «Physical: Asia» шоуг толилуулсан билээ. Энэ нь 2023 онд гарсан «Physical: 100» цувралын хүрээг тэлсэн олон улсын хувилбар бөгөөд хэд хэдэн улсад үзэлтээр тэргүүлж, үзэгчдийн сонирхлыг татсан юм.

Netflix дараагийн улирлыг «Physical: Asia 2 – Unbroken» нэрээр 2027 онд дэлхий даяар гаргахаа албан ёсоор мэдэгджээ. Азийн орнуудын шилдэг тамирчид улсынхаа нэрийн өмнөөс өрсөлдөж, хүч чадал, тэсвэр, хурд, авхаалж самбаа, багаар ажиллах чадвараа шалгуулах юм.

Энэ удаа өмнөх даалгавруудыг давтахгүйгээр шинэ орчин, өөр төрлийн сорилт, өрсөлдөөний шинэ стратегиудыг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Найруулагч Жан Хо Ги үргэлжлүүлэн ажиллана

Эхний улирлыг найруулсан Жан Хо Ги дараагийн улирлыг мөн хариуцан ажиллах аж. Тэрээр шинэ бүтээлийнхээ талаар:

“Бид өмнөх улирлуудаас тэс өөр ертөнцийг бүтээж, ‘Physical’ цувралын шинэ онцлог болж чадах сорилтуудыг боловсруулсан. Зөвхөн цар хүрээг нэмэгдүүлэх бус, улс хоорондын өрсөлдөөний форматаас үүдэх шинэ стратеги, тулааны хослол, урьдчилан таамаглахын аргагүй үр дүнг үзүүлэхийг зорьж байна” хэмээн мэдэгджээ.

Монголын оролцоо хараахан тодорхой болоогүй

Хоёрдугаар улиралд Монгол Улсын баг дахин өрсөлдөх эсэхийг Netflix одоогоор мэдээлээгүй байна. Түүнчлэн оролцох улс орнууд, тамирчдын нэр болон багуудын бүрэлдэхүүнийг нийтэд зарлаагүй байгаа юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу