1000 гаруй айлын ус авдаг худгийн устай савнаас мөнгөн ус илэрчээ

Баянзүрх дүүргийн XVII хорооны нийтийн XXI худгаас ус авсан хоёр айлын савтай уснаас арваннэгдүгээр сарын 18-ны орой мөнгөн ус илэрсэн байна. Тус худгаар гэр хорооллын 1000 гаруй өрх үйлчлүүлдэг аж.

Нэг айл хоол хийхээр тогоондоо ус хийх үед ёроолд нь мөнгөн ус тунасныг анзаарч, цагдаад даруй мэдэгджээ. Мэдээллийн дагуу нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тагнуулын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар хамтран шалгалт явуулсан байна. Тухайн айлын савтай уснаас 5–8 грамм мөнгөн ус ялган авч, Гамшиг судлалын хүрээлэнгийн Химийн лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ.

Уснаас нь мөнгөн ус илэрсэн хоёр өрхийн 10 гаруй хүний дунд зургаа, долоон сартай жирэмсэн хоёр эмэгтэй байгаа бөгөөд тэднийг эмнэлэгт хэвтүүлж, хордлого тайлах эмчилгээ хийж байна. Мөн эдгээр өрхөд нэг настай хүүхэд болон тав, зургаа, есдүгээр ангийн сурагчид байдаг аж.

XXI худаг Ус сувгийн удирдах газрын төвлөрсөн шугамд холбогдсон бөгөөд ирж буй усыг олон давхар шүүлтүүрээр шүүдэг байна. Иймээс мөнгөн ус худгаас гарсан байх боломжгүй гэж УСУГ-ынхан үзэж байгаа аж. Харин уг бодис айлуудын ундны усанд хэрхэн орсныг цагдаа, тагнуулын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу