Саудын Арабын нийслэл Эр-Риядын хамгийн өндөр барилга болох Төрийн хөрөнгө оруулалтын сангийн төв байр Хуситуудын пуужингийн халдлагад өртөж, хэд хэдэн давхрын шилэн цонх, гадна фасад нь гэмтсэн байна. Арваннэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагт болсон довтолгооны дараа тус улсын Иргэний хамгаалалтын байгууллага эвдрэлийг харуулсан гэрэл зургуудыг нийтэлжээ.
PIF Tower болон ойролцоох барилгууд гэмтжээ
385 метр өндөр, 80 давхар PIF Tower-ийн долоо, наймдугаар давхрын цонхнууд хагарч, гадна хэсгийн төмөр хийц зарим газраа мурийсан байна. Эргэн тойрны хэд хэдэн барилга мөн гэмтсэн ч хүн нас бараагүй, бэртэж шархдсан тохиолдол гараагүй гэж Саудын Арабын эрх баригчид мэдээлжээ.
Төрийн мэдээллийн агентлагаас дэлгэсэн зургуудад барилгын шилэн фасадын томоохон хэсэг хагарч, зарим хийц эвдэрсэн нь харагдана. Халдлагын дараа нийслэлийн санхүүгийн гол төв болох «Хаан Абдулла» санхүүгийн дүүргийг түр хааж, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Хуситууд хэд хэдэн байнд халдсан гэж мэдэгдэв
Йемений Хусит хөдөлгөөний цэргийн төлөөлөгч Яхья Сари тус бүлэглэл «Эр-Рияд хотын санхүүгийн дүүрэгт хоёр удаа цохилт өгсөн» хэмээн мэдэгджээ.
Мөн «Хаан Халид» олон улсын нисэх буудал, Жубайл хотын нефть-химийн үйлдвэр болон цэргийн баазыг онилсон гэж мэдээлсэн байна. Гэхдээ эдгээр объектод учирсан хохирлын талаарх мэдэгдлийг Саудын Арабын тал бүрэн баталгаажуулаагүй байгаа аж.
Саудын Араб тэргүүтэй эвслийн цэргийн төлөөлөгч, генерал Турки аль-Малики Хуситуудын баллистик пуужингийн аюулыг таслан зогсоох ажиллагаа явуулж, Йемений Дамар хотод байсан пуужин харвах төхөөрөмжийг устгасан гэж мэдээлжээ.
Тус улсын Гадаад хэргийн яам халдлагыг буруушааж, бүрэн эрхт байдал, иргэдийн аюулгүй байдал, үндэсний өмч хөрөнгөө хамгаалахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авах эрхээ хадгалж байгаагаа мэдэгдсэн байна.
Санхүүгийн дүүрэг энэ сард хоёр дахь удаагаа өртөв
Арваннэгдүгээр сард Эр-Риядын санхүүгийн дүүргийн томоохон барилга Хуситуудын довтолгоонд өртсөн хоёр дахь тохиолдол нь энэ болжээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 8-нд төрийн өмчит газрын тосны Aramco компанийн оффис байрладаг барилга халдлагын үеэр гэмтсэн байна.
PIF Tower-т Саудын Арабын Төрийн хөрөнгө оруулалтын сангийн төв байр байрладаг. 900 тэрбум ам.доллараас давсан хөрөнгө удирддаг уг сан нь угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы «Алсын хараа 2030» хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн гол хэрэгслүүдийн нэг юм.
Тус сан газрын тосны орлогоос хамаарах эдийн засгийг төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Йемений мөргөлдөөн дахин эрчимжжээ
2022 оны гал зогсоох хэлэлцээрийн дараа харьцангуй намжсан Йемений иргэний дайн энэ оны долоодугаар сараас дахин хурцаджээ. Улмаар Саудын Араб болон Ираны дэмжлэгтэй Хуситуудын хоорондын мөргөлдөөн эрчимжсэн байна.
НҮБ-ын мэдээлснээр, байлдааны ажиллагаа дахин эхэлснээс хойш 1600 гаруй хүн амиа алдаж, 300 мянга гаруй хүн орон гэрээсээ дүрвэхэд хүрчээ.